Нүдний дусаалгыг яаж хэрэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.07-нд нийтлэгдсэн

Нүдний дусаалгыг яаж хэрэглэх вэ?

Сүүлийн үед нүд хуурайших өвчин нэмэгдэж байгаа билээ. Нүд хуурайшилт өвчний үед бид нүдний дусаалга дусааж, эмчилгээ хийдэг. Харин ингэж өөрсдөө дур мэдэж дусаалга хэрэглэх нь зөв эсэх талаар "Орбита" нүдний эмнэлэгийн их эмч Б.Үенгээс тодрууллаа.

-Нүдний дусаалгыг ямар зориулалтаар хэрэглэх ёстой байдаг вэ?

-Нулимс нүдийг тэжээн чийгшүүлэх, гадны биетээс хамгаалж байдаг үүрэгтэй. Энэ үүргийг хангахын тулд нүдний дусаалгыг хэрэглэдэг. Нүдний дусаалга нь хүний биологийн шингэний найрлагатай ойролцоо байдаг учир хэдэн насны ямар ч хүн хэдий хугацаанд ч дусаахад болно.

-Нүдээ аргах тоолонд нүдний дусаалга дусааж болох уу?

-Нүдээ аргах тоолонд нүдний дусаалга дусааж болно. Харин хэт их аргаад байвал эмчид хандаж, нулимсны ялгаралт багасаад нүд аргаж байна уу, эсвэл нулимсны найрлага багассанаас болж байна уу гэдгийг шалгуулах шаардлагатай. Компютерийн ард удаан суудаг хүмүүс ер нь нүдээ чийгшүүлж, дусаалга хэрэглэх нь элбэг байдаг.

-Өдөр тутамдаа ямар дусаалга дусаавал хамгийн тохиромжтой вэ?

-Манай улсад эм хэлбэрийн дусаалга, хиймэл нулимс, японы дусаалгууд гэж гурван төрлийн дусаалга байдаг. Эм хэлбэрийн дусаалгыг эмчийн хяналтан доор хэрэглэх шаардлагатай. Харин хиймэл нулимсыг өдөр тутамдаа хэрэглэж болно.  Хиймэл нулимсыг  найрлагаас нь хамааран усан болон тосон суурьтай гэж ангилдаг. Усан суурьтай дусаалга нь нүдэнд удаан хугацаагаар тогтож чаддаггүй. Тосон суурьтай дусаалга нь арай удаан нүдэнд тогтож үйлчилгээ үзүүлдэг. Японы нүдний дусаалгыг бас өдөр тутамдаа хэрэглэж болно.

-Нүдний дусаалганы сөрөг тал юу байхав, удаан хэрэглэснээс болох ч юм уу?

-Зарим нүдний дусаалганы найрлагыг удаан тогтвортой байлгахын тулд химийн нөөцлөгч бодис ашигласан байдаг. Энэ нь эргээд нүдэнд харшил өгдөг аюултай. Японы нүдний дусаалганууд химийн нөөцлөгч бодис агуулдгаас гадна судас нарийсгадаг бодис агуулдаг. Япон дусаалга дусаахад нүдний судсыг байх ёстой хэмжээнээс нь илүү нарийсгаж, нүдийг цагаан болгож өгдөг. Тиймээс япон дусаалгыг хэрэглэж болох ч удаан хугацаагаар дусаах нь хортой юм. Мөн нүдний даралттай хүн судас нарийсгадаг дусаалга хэрэглэж болохгүй.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж