Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар өмч хувьчлалын асуудлыг хэлэлцсэн юм. Энэ хүрээнд Гэрлэх ёслолын ордныг хувьчлах асуудал орж ирсэн нь сонирхол татаж байна. Монголдоо цор ганц энэ байгууллагыг хувьчлах асуудлаар иргэдийн төлөөлөгчид янз бүрийн байр суурьтай байгаа аж.
Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа гэхэд Хуримын ордны хувьчлалыг эсэргүүцсэн байна.
Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа “Миний хувьд Хуримын ордон, зарим эмнэлгүүдийг хувьчлахын эсрэг санал өгсөн. Эсэргүүцэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, хувьчилж аваад зориулалтыг нь өөрчилвөл яах болж байна. Хоёрдугаарт, нураагаад оффис барьчихвал яах вэ. Гуравдугаарт, зориулалтаар нь ашиглана гэчихээд гуравдагч этгээдэд зарчихвал яах юм. Дөрөвдүгээрт, зориулалтаар нь ашигласан ч хашаан дотор нь ямар ч зохицолдоогүй барилга бариад эхэлбэл яах вэ.
Энэ хуримын ордон чинь олон үеийн залуусын насан туршийн дурсамж дүүрэн соёлын өв шүү дээ. Миний хувьд нийслэлд Гандан, Хуримын ордон хоёр байгаагаараа байвал зүгээр гэж боддог. Паркаа хувьчлаад юу боллоо” хэмээн жиргэсэн байв.
С.СҮРЭН