МЭНДЧИЛГЭЭ
Уядаж яваа цагийн гэгээн мэндийг эрхэм бүсгүйчүүд, эрхэм сэтгүүлч анд нөхдөдөө өргөе.
102 жилийн тэртээ үндэсний сэтгүүл зүй бий болж, энэ өдрийг хүрэхдээ нийгэмд олон өнгийн санал сэрэхүйг уралдуулж ирсэн билээ. Зорилго нэгт бидний тугаа болгон дээдэлж эрхэмлэх гол зүйл бол үг үнэн байхын үнэ цэнийг, үр нь зөв дэлгэрдгийг ямагт санаж, мэргэн, онч, хуудуугүй байх явдал хэмээн бодном. Сэтгүүл зүйн засаглал бол сэтгэл зүйн засаглал болж байдаг учраас бид энэ нийгмийн сэтгэлийг хөтөлж залуурдах жолоог атгаж яваа юм. Тэгэхээр үзэгний үзүүрт, үгний үзүүрт хариуцлага, хайр, хор, сайн муу, буруу зөвийн хил хязгаар хамтдаа тогтож байдаг. Монгол гал голомтонд эв эе, нэгдэл найрамдал, хайр бахархал, өршөөл энэрэхүй, өсч дээшлэхүйн үрийг тарьж, хүн бүрийн сэтгэлд ургуулж явцгаая. Хамтдаа гэрэл гэгээг хайн, тээн урагшилъя.
Энэ хорвоог билэг чанараараа зөөллөж, ижий сэтгэлээр амьдралын дэнсийг тэнцүүлж яваа сэтгүүл зүйн салбарын бүх бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн өдрийн мэнд хүргэж, амар жаргаланг ерөөе.
Та бүхнийг хүндэтгэсэн,
МСЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Мянганбуугийн Наранбаатар