ОХУ-ын байгалийн хий экспортлогч “Газпром” компани өчигдөр /III.5/ Украины эрчим хүчний “Нафтогаз” компаниас 15 сая ам.долларын урьдчилсан төлбөр хүлээн авчээ. “Газпром” компаниас мэдээлснээр энэ мөнгөөр 45.6 сая куб/метр байгалийн хий /тав хоног хүрэлцэх/ нийлүүлэхэд хүрэлцэх аж. Хэрэв Украин урьдчилсан төлбөрөө баасан гаригаас /III.6/ өмнө хийхгүй бол “Газпром” компани Киев рүү байгалийн хий нийлүүлэхээ зогсоохыг анхааруулж байсан юм. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн арван жилд Украин руу гурван удаа дүн өвлөөр байгалийн хий нийлүүлэлтээ зогсоосон нөхцөл байдлыг давтахыг хүсэхгүй буйгаа лхагва гаригт /III.4/ мэдэгджээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудад Украин ОХУ-аас импортлосон байгалийн хийн хэмжээ жилийн өмнөхөөс 50 хувиар буурсан болохыг Украины “Ukrtransgaz” компани мэдэгджээ. Украин өмнө нь ОХУ-аас авсан байгалийн хийн төлбөрөө төлөлгүй явснаас олон тэрбум ам.долларын өртэй болсон аж. Эцэст нь ОХУ-ын шаардсаны дагуу Украин байгалийн хий импортлохын тулд урьдчилж мөнгөө төлөхөөр тохиролцсон юм. Украин өдгөө ОХУ-д 2.4 тэрбум ам.долларын байгалийн хийн төлбөрийн өртэй байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters