Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас гаргасан мэдэгдэлд өнгөрсөн долоо хоногт Шилийн гол аймгийн Шилийн хотод хоёр мянга гаруй оюутан оролцсон эсэргүүцлийн тайван жагсаал гарсан тухай дурьджээ. Тэд хятад иргэд ачааны машинаар өвөрмонгол малчны амийг хөнөөснийг эсэргүүцсэн байна. “Эмнести интернэшнл”-ийн мэдээлж буйгаар хүний амь хөнөөсөн хятад иргэдийг Хятадын эрх баригчид баривчлан хорьсон ажээ.
“YouTube” видео сайтад дүрэмт хувцас өмссөн олон залуус гудамжинд эсэргүүцэн жагсч буй бичлэг гарсан ч Шилийн гол аймгийн засаг захиргааны албан хүмүүс үүнийг эрс үгүйсгэж байна. Аймгийн засаг захиргааны байшингийн үүдэнд оюутнууд "Бидний эрх, газар нутгийг хамгаал” гэсэн уриа лоозон барин хашгирч, эсэргүүцлийн жагсаал хийсэн тухай Нью-Йоркт төвтэй Өмнөдмонголын хүний эрхийн төв мэдээлжээ. Хүний эрхийн төвийнхэн өөрсдийгөө Өвөрмонгол биш Өмнөд Монгол гэж нэрлэдэг байна. “Эмнести интернэшнл” байгууллагын мэдээлж буйгаар энэ сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон оюутнууд аймгийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас дор хаяж 18 хүн гэмтэж бэртсэн гэнэ.
"Эсэргүүцлийн жагсаал бол зөвхөн эрх баригчдад өгч буй сануулга. Харин эрх баригчид жагсагчдыг буруутгахаас өмнө тэдний сануулга юу хэлээд буйг анхаарах нь чухал” гэж “Эмнести интернэшнл” байгууллагын Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн дэд захирал Кэтерин Бейбер ярьсан байна.