Популизмыг хэн хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Популизмыг хэн хийдэг вэ?

Монголд массын биш бодлогын нам хэрэгтэй, бодлогогүйгээс популимз хийж байна гэх асуудлыг “Улс төр ба популизм” хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид хөндлөө.

МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Одын тодотгосноор дэлхий даяар улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Массын нам байхаасаа илүү мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг, олон нийтээс дэмжлэг авдаг хосолсон шинжтэй болж буй юм. Монголд өнөөдөр 22 улс төрийн нам бүртгэлтэй ч зөвхөн гишүүн элсүүлэх байдлаар үйл ажиллагаагаа хязгаарладаг нь дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцорч байгааг нь илтгэнэ.

Тэгвэл популизмыг хэн хамгийн их хийдэг вэ?. Эрх баригч нам уу, эсвэл бие даагчид уу?. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Х.Амантайгийн тодорхойлсноор популизмыг бие даагчид эсвэл жижиг нам хамгийн их хийдэг аж. Энэ нь эрх мэдэлд хүрэх зорилготой нь холбоотой. Гэвч дээрх дүгнэлтийг няцаах судлаач, оролцогч цөөнгүй байлаа. Тухайлбал, улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Популизмыг бие даагчид, жижиг намууд хийдэг” гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй гэсэн бол тус хэлэлцүүлэгт оролцсон оролцогч “Популизмыг хамгийн их хийдэг улс төрийн нам бол эрх баригч хүчин” гэж тодорхойлов. Том нам байх тусмаа том популизм хийдэг. Жишээ татвал, 2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам иргэндээ 1 сая төгрөгийн хувь хишиг хүртээнэ гэж зарлахад Ардын нам 1.5 сая төгрөг өгнө гэж амласан байх жишээтэй. Хайр сэтгэлээрээ гэр бүл болох ёстой залуу хосыг гэрлэснийх нь төлөө 500 мянган төгрөг олгосон. Энэ бол популимз.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  өнгөрсөн нэгдүгээр сард “Та хөгжлийн аль замыг сонгож байна вэ” санал асуулгыг санаачлан, ард иргэдээс санал авсан нь популимзын нэг хэлбэр. “Давхар дээл”-ийг тайлах ёстой гэсэн шаардлага тавьж байсан түшээ Засгийн газрын гишүүн болж давхар дээл өмссөн нь мөн л популизмын хамгийн том төлөөлөгч байсныг нь тодрон харуулна гэж тэрээр тодотгосон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон н.Хархүүгийнхээр бол хувь хүн ч популизм хийчихэж чадна. Жишээлбэл, УИХ-аар ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргах гэж байгааг урьдчилж мэдсэн иргэн “Цалин, тэтгэвэр” нэм гэдэг шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, жагсаал зохион байгуулж болно. Цалин, тэтгэврийг нэмсний дараа “Би энэ бүхнийг шаардаж, хийлгэсэн” гээд тайлбарлачихна.

Популизмын хэв шинжүүд

Доктор Х.Амантайгийн илтгэлд дурдсанаар бол ардчилсан засаглалтай оронд популизм угаасаа байдаг. Тэд ард түмний талд зогсоод тэмцэнэ гэж өөрсдийгөө тодорхойлно. Ингэхдээ эрх мэдэлтнүүдийн эсрэг, эсвэл эрлийз хүмүүсийн эсрэг тэмцэл явуулдаг. Популизмын онцлог нь, ажил хэрэг болохгүй байгаа асуудал дээр тулгуурладаг. Тэр асуудлыг шийдэж өгнө гэж улс төр хийдэг. Хохирлыг нь барагдуулах үзэл санаа төрүүлэх гэж оролддог. Эрх мэдэлдээ хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн байдаг. Судлаачдын тодорхойлсноор гурван шалтгаанаас популимз үүсдэг аж. Нэгдүгээрт, нийгэм эдийн засгийн хямралаас болж популизм үүсдэг. Үүн дотроо нийгмийн зохион байгуулалтын алдаа, авлига хээл хахууль газар авсан, улс төрийн хяналт алдагдсан, эдийн засгийн давагдашгүй хүндрэл үүсэх зэрэг шалтгаантай холбоотойгоор. Хоёрдугаарт, зохиомол популизм үүсгэдэг. Жишээ нь “Удахгүй депольт үүсэх нь” гэх мэтээр улс төр хийдэг. Гуравдугаарт, ардчилсан засаглалын өөрийнх нь мөн чанараас хамаарч популизм бий болдог гэж үздэг байна.

Мөн популизм их байх тусмаа улс төр эрүүл бус байна гэж үздэг. Популизм ардчиллын толь болдог. Популистууд эрх мэдэлд хүрснийхээ дараа амласнаа хэрэгжүүлж чадахаа больж, нэр хүнд нь унадаг. Уран яруу илтгэгчид, популизм хийх тохиолдол олон аж.

Монголын популизм аль улсынхтай төстэй вэ?

Нийтлэлч Баабарын тодорхойлсноор Монголд сүүлийн 10 жилд болж өнгөрч байгаа үйл явдлыг харахад Нигери, Латин Америкт өрнөж байсан популизмыг нийлүүлсэн юм шиг популизм харагдах болжээ. Сайхан амлалт өгдөг, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ашиггүй ч байсан олсон орлогыг цацдаг. Нэг талаас нь харахад ард түмэндээ баялгаас хувь хүртээгээд байгаа нь сайхан юм шиг харагдах ч цаагуураа эрх баригчид нь дээрэм хийж байдаг. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэр суманд ч эмнэлэг барина, тэр бригадын төвд ч соёлын төв барина гэдэг. Гэтэл тэрхүү гурван давхар эмнэлгээр үйлчлүүлдэг хүн ховор. Бригадын төвд баригдсан соёлын төв ч бас хэрэгцээтэй эд биш. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас олсон асар их баялгийг энэ мэтчлэн ард түмэндээ хишиг хувь нэрээр үнэгүй тараах, дээр нь хэрэгцээ шаардлагагүй газарт обьект барьж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг. Мөн Монголд өнөөдөр 23 мянга орчим төрийн бус байгууллага байгаагаас 10 мянга орчим нь дээрмийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн асуудлыг хөндөв.

Монголын нөхцөлд дээрх бэрхшээлийг яаж даван туулах вэ?

Нэгдүгээрт, улстөрийн намууд сайн төлөвших. Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгож, харилцан хяналттай болгох. Гуравдугаарт, Монгол Улс парламентын засаглалтай учраас сонгуулийн тогтолцоогоо пропорцианаль тогтолцоонд шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг төрөөс олгодог болох нь намууд төлөвшиж, биелэшгүй амлалт өгч, эдийн засгийг туйлдуулдаг байдал багасах боломжтой аж.

Монгол Улс ардчилсан болж байна

“Улс төр ба популизм” хэлэлцүүлэгт оролцсон Үндэсний стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Улс төрийн намд итгэх итгэл, тоон хэлээр” илтгэлдээ Монгол Улс ардчилсан болж байгааг тодотгов. Ийм үр дүнд хүрэхэд мэдээлэл авах сувгууд нэмэгдсэн нь нөлөөлжээ. Дээр нь хүний эрхийг хангаж өгсөн нь илүү эрүүл ухаанаар хардамтгай болсон, илүү ихийг нэхдэг, шүүмжилдэг зөв хандлага руу хөтөлж байгаа аж. Мөн судалгаагаар монголчуудын намд итгэх итгэл 17 хувьтай буюу доогуур үзүүлэлтэй гарсан ч улстөрийн тогтолцоондоо итгэх итгэл нь өндөр буюу 80 хувьтай гарсан нь Ардчилсан улсын тухайд зөв хандлага гэж тодорхойлсон юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж