Виктория Нуланд. Фото: Vano Shlamov / AFP
Украинд “хэдэн мянган орос цэргийн албан хаагчид байгаа” гэж Америкийн конгресст илтгэл тавихдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евроазийг хариуцсан туслах Виктория Нуланд гуравдугаар сарын 4-нд мэдэгджээ.
“Украины зүүн хэсэгт Оросын арми генералаас эхлээд бага дарга хүртэл өөрсдийн командын бүтэцтэй байна. Тэд энэ дайныг санхүүжүүлж, тэтгэж, командалж, хянаж байна” хэмээн хатагтай мэдэгдэв.
Нуландын мэдэгдснээр, Орос сайн дурынханд “хэдэн зуун нэгж” танк, хуягт, бөөнөөр галлах системийг дамжуулжээ. Гэхдээ тэрээр хэвлэлийнхэнд нээлттэй гэсэн шалтгаанаар нарийн тоо гарган хэлэхээс татгалзлаа. Минскийн тохиролцоог сахиагүй тохиолдолд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжийг Нулланд үгүйсгэсэнгүй. Одоо Америкийн дипломатууд Европт шинэ хориг арга хэмжээний тухай ярилцаж байна. Гал зогсоох дэглэм тогтоогдсноос хойш түүнийг зуугаад удаа зөрчигдсөн гэж Төрийн нарийн бичгийн даргын туслах мэдэгдлээ.
Украинд зэвсэг нийлүүлэх талаар ерөнхийлөгч Барак Обама шийдвэрээ гаргаагүй гэж Нуланд нэмэн хэлэв.
АНУ ба барууны орнууд Украинд Оросын цэрэг байгаа тухай олон удаа мэдэгдэж байсан юм. Жишээ нь хоёрдугаар сарын 16-нд НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Украинд Оросын цэрэг байгаа баталгаа бий гэсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тухай ямар нэгэн материал тавигдаагүй байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР