“Google”-ээр ердөө ганц удаа хайлт хийхэд эрчим хүчний хэмнэлттэй
гэрлийг нэг цаг асаасантай тэнцүү хэмжээний эрчим хүч зарцуулагддаг аж.
Мөн компьютерүүд маш их хэмжээний нүүрсхүчлийн хийг “үйлдвэрлэж” байна.
“Google” компани мэдээллийн “ногоон” эрин гэж ухуулж байгаа ч үүгээр
далимдуулан өөрийнхөө хайлтын системийг сурталчилсаар байна.
“Green-IT”-д зориулсан буланг бий болгож, олны нүдэн дээр салхины эрчим
хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийлээ. Энэ янзаар бол тун удахгүй
сэргээгддэг компьютерүүдийг ч бий болголоо гэж зарлах вий дээ. Тэгтэл
бодит амьдрал дээр арай өөр дүр зураг харагдаад байна.
Аль эртнээс л гэрийн компьютерүүд, нөүтбүүкүүд, смартфонууд,
серверүүд гэх төрлийн төхөөрөмжүүд эрчим хүчийг хязгааргүй “залгидаг”
мангасууд гэдэг нь тодорхой болсон. Жил ирэх тусам интернетийн улмаас
маш их хэмжээний эрчим хүч зарцуулагдсаар байгааг Дрездений Техникийн их
сургуулийн судлаачид тогтоожээ. Мөн тэдний тооцоолж байгаагаар дэлхий
нийтээрээ ашиглаж буй эрчим хүчний өнөөгийн хэрэглээ 2030 он гэхэд
зөвхөн интернетэд л зарцуулагдах аж. Гэхдээ энэ бол онолын үүднээс
гаргасан үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн ч эрчим хүчийг одооноос
хэмнэх гэхээр зарцуулалтыг нь улам л өсгөх гэсэн санаачлагууд ийм
боломжийг олгохгүй байна. Тухайлбал, Facebook-ийг санаачлагч Марк
Цукерберг 13 наснаас доошхи хүүхдүүдэд зориулсан сайт нээхээр төлөвлөж
байгаагаа мэдэгдсэн. Урьд өмнө АНУ-ын хуулиар үүнийг хориглодог байсан
юм.
Фрайбургийн эко-хүрээлэнгийн судлаачид интернетийн төхөөрөмжүүдийг
нисэх онгоцны дайны нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн
байна. Нөгөө талаар, Second life хэмээх тоглоомны сайтыг дутуу үнэлж
болохгүй нь. Энэ сайт 4 мянган сервертэй ба ганцхан аватараар нь
тоглоход жил бүр 1752 киловатт-цагийн эрчим хүч зарцуулагддаг аж. Өөрөөр
хэлбэл, жилд 1.17 тонн нүүрсхүчлийн диоксидийг ялгаруулдаг гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар, интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын
эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1.5-2
хувийг эзэлж байна. Гэхдээ тэдний эрчим хүчний хэрэглээ нь жилд 12
хувиар нэмэгдэж байгаа. Компьютерийг хөргөхөд ч ажилласан дайны эрчим
хүч зарцуулагддагийг санах хэрэгтэй.
Интернетийн компаниуд эрчим хүч их зарцуулагдаж байгааг сайн мэднэ.
Тийм ч учраас Google, Facebook, Apple зэрэг компаниуд түлшний ашигт
малтмалаар баялаг газруудад серверүүдээ байрлуулсан байдгийг Олон улсын
“Greenpeace” байгууллага илрүүлжээ. Тухайлбал, Apple компани
iDataCenter-ээ 61 хувийг нүүрсээс, 31 хувийг нь цөмийн эрчим хүчнээс
гаргаж авдаг найдвартай эх үүсвэртэй Хойд Каролина мужид байрлуулсан
байдаг аж.
Одоо экологичид “Cloud-Computing” хэмээх шинэ урсгалд их санаа зовж
байна. Хэрэглэгчид интернет эсвэл дотоод сүлжээгээ ашиглан программ
хангамжийг ашиглах үйлчилгээг ийн нэрлэдэг аж. Энэ технологийн уршгаар
2020 он гэхэд 2 их наяд киловатт эрчим хүч зарцуулагдах төлөвтэй байгааг
эрдэмтэд тооцоолжээ.
Die Welt, Ульрих Клаус
http://uynaa.wordpress.com/