Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жөн Ил бараалхаж, Таэквондогийн хүндэтгэлийн 7-р дан буюу их мастер цолны батламж гардууллаа. Таэквондогийн спортыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан, спортод элэгтэй хүмүүс энэхүү хүндэтгэлийг хүлээдэг байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олимп, тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд өндөр амжилт гаргаж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нь тамирчдын нөр их хүч, хөдөлмөрийн үр шим төдийгүй Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч анхаарч байгаагийн илрэл юм.
Спортод элэгтэй төрийн тэргүүнүүдэд дэлхийн улс орнууд хүндэтгэлийн зэрэг, цолоо олгодог энэхүү жишгийн дагуу өмнө нь Ерөнхий сайд С.Батболд 2002 онд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ Японы Киокушинкай каратэгийн 5-р дан хүртэж байжээ. Энэ хүндтэй зэргийг ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад нэр хүндтэй хүмүүс хүртэж байсан байна. Ирэх жил Англи улсад болох "Лондон-2012" дэлхийн зуны спортын 30 дугаар олимпод баг тамирчдаа бэлтгэн оролцуулах үндэсний хороог ахалж байгаа Ерөнхий сайд тамирчдадаа онцгой анхаарал хандуулан бүх талаар тусалж, дэмжин ажиллаж байна