Асгатын мөнгөний ордыг ашиглах чиглэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Асгатын мөнгөний ордыг ашиглах чиглэл өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Асгатын мөнгөний ордыг авч хэлэлцсэн байна. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших уг ордыг ашиглах талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж байгаа ч ажил хэрэг болсон нь үгүй аж. Лиценз нь “Монголросцветмет” нэгдлийн нэр дээр байдаг боловч тус газар нь Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай учир зөвхөн Монгол Улс шийдвэрээ гаргаад ашиглах асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн хувьд зохицуулалт дутдаг гэнэ. Тиймээс Засгийн газрын зүгээс ордыг ашиглах чиглэлээр шуурхай ажиллах шаардлага байна гэж үзэн бүлгээс чиглэл өгөхөөр болжээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн арав гаруй хоногийн турш шатахууны хомсдол үүсч, уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, нийтийн тээврийг хэмнэлтийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор бүлэг энэ асуудлыг авч хэлэлцжээ. Дээрх асуудалтай холбоотойгоор Шадар сайд М.Энхболд, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан,“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга  мэдээлэл хийсэн юм байна. Учир нь шатахууны хомсдол төмөр замд хүртэл нөлөөлж урд хил дээр барилгын материал их хэмжээгээр бөөгнөрөх болжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээллээр бол ОХУ-тай гэрээ хэлцэл байгуулан шатахуун татахаар болж мөнгө төгрөгөө тушаасан ч ачилт хийгдээгүйгээс дотоодод хомсдол үүссэн. Засгийн газраас хоёр хөрштэй удаа дараа ярилцсаны дүнд ОХУ болон БНХАУ-аас тус бүр шатахууны ачилт хийгдэж эхэлсэн. Одоогийн  шатахуун нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулах хэмжээнд байна гэсэн мэдээлэл өгсөн аж. Харин бүлгийн гишүүдийн хувьд “Өнгөрсөн жилд байсан шиг хэмжээний шатахуун байгаа юм бол яахаараа хомсдол үүсдэг. Шатахуунаар тасралтгүй хангана,  санаа зоволтгүй” гэж ярьж байсан. Гэтэл хязгаарлалтад орчихоод сууж байна. “Дахиж ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу” гэдгийг ч холбогдох хүмүүсээс лавлаж асуусан аж. Албаныхан үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийн урьд жилүүдэд хэрэглэж байснаас хоёр дахин их шатахуун нөөцлөх талд анхаарал тавин ажиллахаар болсон гэдгээ энэ үеэр онцолжээ. Харин бүлгийн гишүүдийн хувьд төр богино хугацаанд өөрийн гэсэн шатахуун хадгалах савтай болох шаардлагатай гэжээ. Учир нь өмнө ашиглаж байсан шатахуун нөөцөлдөг савыг төмрийн хогонд тушаачихсанаас болоод төр нөөцийн шатахуунаа хувийн хэвшлийнхний саванд түрээсийн мөнгө төлж хадгалуулдаг аж. Их хэмжээгээр нөөцлөх арга ч байдаггүй.

Мөн Монгол Улс өөрсдөө газрын тосоо олборлож, шатахуун нэрдэг  болох хэрэгтэй байгаа талаар гишүүд санал шүүмжлэл өрнүүлжээ. Уг нь Дархан-Уул аймаг, Сайншандад шатахуун нэрэх үйлдвэр барих талаар олон жилийн өмнөөс ярьсан ч өнөө хэр нь хэрэгжээгүй. Тиймээс төр бодлого гаргаж, нефтийн үйлдвэр барих чиглэлээр далайцтай ажил хийх цаг болсон гэж үзжээ.

Бүлгээр хэлэлцсэн гурав дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл аж. Тус төслийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон боловсруулжээ. Түүнд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг ирэх онд 16 хувиар өснө, гадаадын хөрөнгө оруулалт 10 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлөв гаргасан аж. Харин гадаадын хөрөнгө оруулалт 10 хувиар өснө гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдээгүй байна. Шалтгаан нь Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд  хөрөнгө оруулалт 100 хувиар нэмэгдэх тооцоо байхад 10 хувь гэдэг оновчтой судалгаа биш гэж үзжээ. Түүнчлэн ирэх 2012 он Засгийн газрын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх сүүлийн жил болох учраас үндсэн чиглэлийг сайн тооцоололтой гаргах шаардлагатай гэсэн байна.  Нөгөөтэйгүүр, 2009, 2010 онуудад хийж чадаагүй ажлуудыг 2012 оны үндсэн чиглэлтэй холбох ёстой. Ингэхдээ бодит ажил хэрэг болгож чадахуйц заалтуудыг тусгах ёстой хэмээн үзжээ.

Төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг нэмэх асуудал ч энэ үеэр хөндөгдөөд авсан байна. Дэд бүтцийн чанартай томоохон хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудлыг ч мөн ярьжээ.  Эцэст нь үндсэн чиглэлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон аж. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейхан удирдах юм байна. Дээрх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд өглөө. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж