Эрдэнэт хотын 35 жилийн ой буюу “Эрдэнэтийн өдрүүд”-ийн хүрээнд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, улсын харцага Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны бөх, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын харцага Д.Баасандорж үзүүрлэлээ. Харин их шөвөгт аймгийн арслан Б.Сангисүрэн, аймгийн арслан Л.Цэрэнтогтох нарын залуу хүчтэнүүд шалгарчээ.
Үндэсний их баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд “Бөхийн өргөө”-нд болох барилдаан ээлж дугаараа хүлээж байна. Маргааш гэхэд “Бөхийн өргөө”-нд Өмнөговь аймгийн харьяат, улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдарт цолтой 256 бөхийн барилдаан болох аж. Барилдаан 14.00 цагаас эхлэх юм байна.