Юрий Колобов
Украины сангийн сайд асан Юрий Колобов Испанид баривчлагджээ. Украины экс ерөнхийлөгч Виктор Януковичийн үед сангийн сайдын албыг хашиж байсан Юрий Колобовыг олон тэрбумын өртөгтэй өмч шамшигдуулсан хэрэгт эрэн сурвалжилж байжээ. Түүнийг Валенсиа хотод хорьж буйг Испанийн хэвлэлд мэдээлэв. Энэ хэрэгт мөн экс ерөнхийлөгч Виктор Янукович, ерөнхий сайд асан Микола Азаров нарыг буруутгаж байгаа юм. Тэднийг Украины Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн нэгдүгээр сард Инторполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ.
Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эрхээс зайлуулагдсанаар ОХУ-руу зугтан гарсан юм. Үүний дараа Киевийн шинэ ерөнхий сайд Арсений Яценюк “экс ерөнхийлөгч Виктор Янукович Украиныг 75 тэрбум ам.долларын өртэй үлдээсэн” хэмээн мэдэгджээ. Мөн 20 тэрбум ам.долларын алтны нөөц, 70 тэрбум ам.долларын сангийн мөнгө оффшор дансанд шилжүүлэгдсэн аж.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА