Индонезид цаазын ял сонссон Австралийн иргэд
Хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австралийн иргэд Индонезитой дипломат харилцааны сөргөлдөөний төв болоод байна. Индонезид цаазын ял сонссон хоёр иргэнээ аврахын тулд Австрали хоригдол солилцох санал тавьжээ. Австралийн Гадаад хэргийн сайдын мэдээлснээр Индонезийн гурван хоригдлыг Андрю Чан, Мюран Сукумаран нараар солилцох санал тавьсан аж. Хоригдол солилцох хэлэлцээг Австралийн ерөнхий сайд Тони Абботт Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой хийхээр хичээж байна. Индонезийн албаныхан Австралийн сүрдүүлгийг үл харгалзан Андрю Чан, Мюран Сукумаран нарыг цаазын ял гүйцэтгэх арал руу өчигдөр /III.4/ шилжүүлсэн юм. Тэд 2005 онд Индонезийн Бали арлаас Австрали руу хар тамхи авч явах гэж байгаад баривчлагджээ.
Одоогоор Индонезийн албаныхан цаазын ял гүйцэтгэх товыг зарлаагүй байгаа юм. Тэднийг Франц, Бразиль, Гана, Нигери улсын иргэдийн хамтаар цаазлах гэнэ. Энэ хэргийн улмаас Франц, Бразиль улсууд Индонезийн элчин сайдаас тайлбар авчээ. Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Индонези гадаадын таван иргэнийг цаазласнаас Нидерланд, Бразиль улсууд Жакартагаас Элчин сайдаа эргүүлэн татсан юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА