Монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ үнэлж, эдэлж хэрэглэдэг болчихвол үйлдвэрлэгчид юм, юм л хийдэг болжээ.
Малчид малынхаа арьс ширийг үндэсний үйлдвэртээ тушаадаг болчихож, түүнийг нь гүн боловсруулаад Итали руу экспортод гаргаж байна. Итали гутлын чанарыг монголчууд биширч, бэлтэй нэг нь гар татахгүй худалдан авдаг. Тэгвэл тэрхүү гутал хийхэд ордог үндсэн түүхий эдийг нь “Мон Ит булигаар” компанийнхан нийлүүлж байна. Мөн "Монгол Шевро" энэ оны эхний хоёр сарын байдлаар 30 мянга гаруй гүн боловсруулсан арьс шир экспортод гаргажээ. Түүнийг нь гадаад валютад шилжүүлбэл 850 мянган евротой тэнцэх аж. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж чадсан гэсэн үг. Одоо гол нь малын эрүүл мэндийн асуудалд анхаарах нь чухал байна гэдгийг “Мон Ит булигаар”, "Монгол Шевро" компанийн удирдлагууд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нарыг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр дуулгалаа.
Үйлдвэрлэлээ өргөтгөе, технологио шинэчилье гэхэд арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь зөвхөн арилжаа наймаа эрхлэхээс аргагүйд хүргэж байгаа тухай гомдлыг зарим үйлдвэрлэгчид тавьж ирсэн. Энэ нь оргүй үг биш боловч хичээж хөдөлмөрлөж чадвал арилжааны банкны өндөр хүүнд дарлуулж, бас Засгийн газрын зээл, Чингис бондын санхүүжилт харалгүйгээр өөрсдийн нөөцдөө тулгуурлан бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж байгааг “Мон Ит булигаар” компанийнхан харуулав. Тус компанийнхан өнгөрсөн хугацаанд төрөөс нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр үйлдвэрлэлээ явуулж иржээ.
Аж үйлдвэрийн сайдын зочилсон хоёр дахь үйлдвэр нь “Мон ирээдүй” компани байлаа. Сар шинийн өмнө Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах гэрээ байгуулж, цэргийн хувцсыг дотоодоосоо хангахаар болсон юм. Энэ ажил биеллээ олж эхэлжээ. Өнгөрсөн онд тус компанийнхан үйлдвэрлэсэн 500 хос гутлыг батлан хамгаалах салбарынханд нийлүүлсэн бол өнөө жил 1200 хос гутал нийлүүлэхээр ажилдаа оржээ.
Цагдаагийн 8000 ширэн бүс нийлүүлнэ. Хятадаас худалдан авдаг цагдаагийн бүс нэг ширхэг нь 15 мянган төгрөгийн үнэтэй бол дотоодоос нийлүүлэх дээрх бүс нь нэг ширхэг нь 18 мянган төгрөгийн үнэтэй аж. Үнийн хувьд урд хөршөөс нийлүүлэгддэг бүс нь 3000 төгрөгөөр хямд боловч, үндэсний үйлдвэрээ дэмжих бодлогын хүрээнд дээрх үнэтэйгээр нийлүүлэхээр болжээ.
Үйлдвэр эрхлэгчдийн зүгээс тавьсан нэг чухал асуудал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хамгаалахад төрийн бодлого чухал байгааг хөндөв.
“Эрэл асфальт” өндөр чанартай асфальт үйлдвэрлэдэг
Монгол Улсын хувьд замын асуудал хэзээд “толгойны өвчин” байсаар ирсэн. Ялангуяа замын чанарын асуудал хэзээд олны шүүмжлэлд өртсөөр ирсэн юм. Тэгвэл “Эрэл асфальт” бетоны үйлдвэр өндөр чанартай асфальт бетоныг үйлдвэрлэж байна. Түүхий эдээ Баян-Эрхэтийн уурхайгаас олборлодог. Уурхай дахь элс хайрганы карьераас олборлосон чанартай дайргаар хурдны болон даацын хатуу хучилттай замын асфальт бетоныг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж байгаагаа тус бетоны үйлдвэрийнхэн дуулгав. Учир нь тус үйлдвэрийн асфальт нь жилийн дөрвөн улиралд ашиглаж болохоороо онцлогтой юм байна.
Аж үйлдвэрийн сайдын зүгээс нийслэлийн хэмжээнд тавигдах зам болон Хөшигийн хөндийн хурдны авто замын ажилд тус үйлдвэрийг оролцохыг захилаа. Засгийн газрын зүгээс Хөшигийн хөндий рүү тавих хурдны авто замыг Концессын гэрээгээр байгуулахаар шийдвэрээ гаргаад байгаа билээ.
“Мон шибасаки” авто машины эд ангийг боловсруулдаг
Ган хайлуулах үйлдвэр байгуулчихвал “Мон шибасаки” компани түүхий эдээ дотоодоосоо 100 хувь хангаж, тэр хэрээр үнэ нь буурах боломжтойг үйлдвэрийн удирдлагууд энэ үеэр хэлэв.
Тус үйлдвэр нь авто машины эд ангийн боловсруулж, Япон руу экспортод гаргадаг байна. Улмаар японд эцсийн бүтээгдэхүүн болж угсрагддаг байна. Үйлдвэрлэлийн аутсорсингийг хөгжүүлж чадвал Ази тив рүү чиглэж буй автомашины үйлдвэрлэлийг ашиглах боломж монголчуудад бүрэн байна гэдгийг үйлдвэрийнхэн мөн онцолсон. Одоо тус үйлдвэр 30 гаруй хүнтэйгээр ажилладаг. Өнгөрсөн жилийн орлого нь 700 орчим сая төгрөгт эргэлджээ.
Мөн энэ өдөр Аж үйлдвэрийн яамныхан “Говь”, “Монгол нэхмэл”, “Монгол шевро” зэрэг хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. “Монгол шевро” нь Засгийн газрын бондын эх үүсвэрээс 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар үйлдвэрээ өргөтгөж чадсан бол “Монгол нэхмэл” компани нь 2011 онд 1.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын зээл, 2013 онд Чингис бондоос 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авснаар хөл дээрээ тогтож чаджээ. Үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушааснаар малчид тодорхой хэмжээний урамшуулал авдаг болсон нь эргээд үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн гачигдалд орохгүй байх боломж бүрдүүлж өгсөн аж. Дээр нь Засгийн газар болон Чингис бондын санхүүжилтийн дүнд техник, технологио шинэчилж, чадсан нь үйлдвэрлэлийн зардлыг мөн тодорхой хэмжээгээр бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгааг үйлдвэрийнхэн хэлж байлаа.
Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дараах тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Тэрээр “Өнөөдөр/өчигдөр/ ач холбогдол өгч хуучнаар үйлдвэр комбинат гэж нэрлэгддэг байсан Хан-Уул дүүрэг дэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидэнд суурь нөөц, бололцоо, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй ажилчид, үйлдвэрлэгчид байгаа нь азтай хэрэг. Та бүхэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, технологитой танилцлаа. Энэ бүхэн бидний бахархах зүйл яах аргагүй мөн. Тиймээс ч өнөөдөр нэлээн ойлголт, мэдээлэл авлаа гэж бодож байна. Бид хуучин нийгмийн үед байгуулсан үйлдвэр комбинатуудаа зөнд нь орхиж болохгүй юм байна гэдгийг та бүхэн нүдээрээ харлаа. Бидэнд боломж маш их байгаа. Гагцхүү боломжоо нээж, харилцан итгэлцэл дээр тулгуурлаж ажиллах нь чухал гэдгийг өнөөдрийн танилцах аялал харууллаа. Үйлдвэрийн зохион байгуулалт гэж юу юм, төрийн бодлогоор хэрхэн дэмжих шаардлагатай вэ гэдгийг өнөөдөр бэлхнээ харлаа. Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт дээрх асуудлуудыг тусгасан байгаа. Хэдийгээр тоног, төхөөрөмж нь хуучирсан ч гэсэн бидэнд нөөц байна. Боловсон хүчний бодлого алдагдсан нь үнэн, хэсэг хугацаанд аж үйлдвэрийн салбар орхигдсон нь үнэн. Харин цаашид алдсанаа нөхөх, орхигдуулсан зүйлээ олж авах цаг бидний өмнө ирээд байна. Аливаа зүйлийг бизнесийн нүдээр харж болохгүй юм. Бизнес эрхлэхийн тулд бид эхлээд үйлдвэрлэгчийн нүдээр харж байж хөгжинө гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Бид улс орны дамждаг үе шатыг дамжаад л явж байна. Нэг хэсэг бид бүгд худалдаачин болчихвол сайхан амьдрах юм байна гэж гүйцгээсэн. Дараа нь бүгд диплом өвөртлөөд төрийн албан хаагч эсвэл оффисийн ажилтан болчихвол болно гэж туйлширсан. Одоо энэ бүхэн худлаа гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид үйлдвэрлэгчид, инженерүүд, мэргэшсэн боловсон хүчин болбол аятайхан ирээдүй харагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ бүхнийг төрийн бодлогоор дэмжих учиртай” гэсэн юм.
Чингис бондын хөрөнгө хаачив, зам руу хийж хүүнд нь шатаж байхын оронд боловсруулах үйлдвэр байгуулчихсан бол эй дээ мөн чиг хэрэгтэй байсан юм даа гэж халаглах хүн цөөнгүй. Гэхдээ дээрх үйлдвэрүүдээр зочилход Засгийн газрын болон Чингис бондын хөнгөлөлттэй зээл сөрөг хүчнийхний шүүмжлээд байдагчлан арайчиг бүгд газар луу шингэчихээгүй л юм байна гэдэг нь харагдлаа.
Г.НАРАН