А.Баттулга: Ходоодны хорт хавдрыг эрт оношилбол эмчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

А.Баттулга: Ходоодны хорт хавдрыг эрт оношилбол эмчлэгдэнэ

2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй УБ СОНГДО эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан оношлогоо, эмилгээний талаарх мэдлэгийг олгох, урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн үйлчилгээг авах чиглэлээр ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЦУВРАЛ ЛЕКЦийг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 14-ний 14 цагаас “Blue Sky” цамхагийн 3 давхарын хурлын танхимд УБ СОНГДО Эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга “Ходоодны хорт хавдрын эрт үеийн оношилгоо ба эмчилгээ” сэдвээр лекц унших юм. Ингээд их эмч А.Баттулгатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд ходоодны хорт хавдар өвчлөл манай улсад их өндөр болж ирлээ. Манай уншигчдад энэ талаарх ойлголтыг өгөхгүй юу?

-Яагаад ходоодны хорт хавдрын өвчин анхаарал татаад байна вэ гэвэл 2014 оны статистик дүнгээр манай улс дэлхийд энэхүү өвчлөлөөр хоёрт орж байна. Хуучин бол Япон улс бараг 40 орчим жилийн турш ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байсан ба энэ орон сүүлийн жилүүдэд гуравдугаар байранд орж байгаа нь хавдрын өвчлөл буурч байна. Манай улс өнөөдөр энэ өвчлөлөөр дэлхийд хоёрт байгаа нь анхаарал татсан асуудал болж байгааг харуулж байна. Энэ нь 100 мянган хүн амд 32.9 орчим тохиолдол гэж үзэхэд 3 сая хүн амдаа харьцуулахад жилд 600-700 орчим хүнд ходоодны хорт хавдар оношлогдож байна гэсэн үг. Үүний 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-с дээш хувь нь нас барж байна. Тэгэхээр монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог. Харин хорт хавдар дотроо ходоодны хорт хавдрын нас баралт 2 дугаар байрыг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөлийн насжилт харьцангуй залуужиж байна. Эрэгтэйчүүдэд 50-60 насанд их тохиолдож байгаа нь хөдөлмөрийн насандаа өвчилж, нас барж байна гэсэн үг юм. Энэ нь Барууны орнуудад болон Япон, Солонгос улсуудтай харьцуулахад харьцангуй залуу байна. Тэгэхээр ходоодны хорт хавдрын өвчлөл анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

-Монголчуудад хелико бактерийн халдвар ямар байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд энэ бактерийн халдвар өргөн тархаж байгаа ч цэгцэрсэн, нэгтгэсэн судалгаа хангалттай хийгдээгүй байна. Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактерийн халдвартай гэж гараад байна.

-Тэгэхээр хелико бактерийн асуудал ходоодны хорт хавдрын эх үүсвэр юм бол урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ байна вэ? Ямар тохиолдолд бактер дамжих вэ?

-Хелико бактерийн халдвар авах замыг таслан зогсоох, халдвар авсан бол эмчлэх асуудал нь урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм. Хелико бактерийн халдвар авах олон янзын зам бий. Жишээ нь ундны усны бохирдол эсвэл аяга, тавгаар дамжих ч юм уу. Мөн нэг гэр бүлийн гишүүдээс бие биедээ халдаах гэх мэтээр янз бүрээр ярьдаг. Гэхдээ энэ нь бас нотлогдсон зүйл биш юм. Сүүлийн үед хелико бактерийн халдвартай эцэг, эх хүүхэддээ бага насанд нь халдвар дамжуулах нь гол зам юмаа гэж яригдаж байна.

-Яагаад?

-Үүнд монголчуудын хүүхдээ хооллодог уламжлалт арга орж байна. Учир нь хүүхдээ бор хоолонд оруулах гэж эцэг, эх амаараа дамжуулан хооллодог. Тэгэхээр энэ нь тухайн хүүхдэд хелико бактер дамжих гол нөхцөл байгаа гэж бодож байна. Яагаад хүүхдийн хоололтон дээр яригдаж байна вэ гэхээр Япон улсад хийгдсэн судалгаа байдаг юм. Япончууд хүүхдийг мөн багад нь борог хоолонд оруулахдаа мөн амаараа дамжуулан хооллодог байсан байна. Жишээ нь загасны ясыг салгахын тулд ээж, аав нь заавал амаараа шалгаж байж өгнө. Гэтэл нэг, хоёр настай хүүхдэд дархлал бүрэн тогтоогүй байдаг учраас халдвар авах магадлал өндөр байдаг. Энэ нь удаан хугацаагаар хадгалагдаж яваад амьдралын явцад ходоодны үрэвсэл үүсгээд цааш хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Энэ талаар нотолсон зүйл байдаг. Хүмүүсийн соёл, дадал хэвшил сайжраад эхлэхээр хүүхдийг шүлсээрээ дамжуулахгүй хооллоод ирэхээр хүүхдэд хелико бактер дамжих нь буурч байна гэж ярьдаг өөрөөр хэлбэл Японы сүүлийн үеийн залуу хүмүүст хелико бактерийн халдвар буурч байгаа юм. Дараагийн нөлөөлдөг нэг гэм бол хооллолтын дадал хэвшил юм. Бид нарын өдөр тутам идэж байгаа хоолны давсны хэрэглээ их чухал байна. Японд хийсэн судалгаагаар хоёр зүйл дээр судлагдсан байдаг. Нэгд, тухайн улсын хойд нутгаас өмнөд нутаг нь давсны хэрэглээ харьцангуй бага гэж гарсан. Ихэвчлэн хүйтэн тал руугаа давсны хэрэглээ өндөр байсан нь судлагдсан. Дулаараад ирэхээр давсны хэрэглээ багатай. Хоёрт, Японы Окинава арал Барууны хоол ундны соёлын нөлөө ихтэй болсноор ходоодны хорт хавдрын өвчлөл бага байдаг байна.

-Тэгвэл манай улсад энэ шинж тэмдэг илрэв үү?

-Манай улсын хувьд баруун аймгуудад давсны хэрэглээ их өндөр байдаг. Ялангуяа Увс, Ховд, Хөвсгөл гэх мэт баруун аймгуудад ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байдаг. Гэтэл говийн аймгуудад эсрэгээрээ бага. Үүнээс үзэхэд энэхүү өвчлөл өндөр байгаагийн нэг илрэл нь давсны хэрэглээтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа. Бүс нутгийн онцлогоос хамаараад хооллолтын ялгаа гарч байгаа юм. Давстай цайг баруун аймгийнхан байнга ууна. Гэтэл говийнхон бол давстай цай уудаггүй шүү дээ.

-Үүнд судалгаа бий юу?

-Судалгаа байгаа. Туршилтын амьтан дээр хийгдсэн судалгаа бий. Хелико бактераар халдварлуулсан туршилтын амьтаны эхний бүлэгт давсны хэрэглээг ихэсгэсэн бол хоёр дахь бүлэгт давсны хэрэглээг хорьсон, харин гурав дахь бүлэгт хелико бактерийн халдваргүй боловч давсны хэрэглээг өндөрсгөж судлаж үзсэн. Гэтэл зөвхөн эхнийх нь буюу хелико бактерийн халдвартай давсны хэрэглээ ихтэй амьтанд ходоодны хорт хавдар үүссэн байсан. Иймд энэ хоёр хүчин зүйл хамт байж хорт хавдар үүсдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэхүү судалгааг Японы Хокайдо их сургуулийн эрдэмтэд хийсэн байдаг. Тийм болохоор хелико бактер болон давсны хэрэглээ ходоодны хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан байх магадлал өндөртэй юм байна гэдгийг харуулж байна.

-Тэгэхээр Япон улсад ходоодны хорт хавдрын судалгаа их өндөр түвшинд хийгджээ гэж ойлгож болох уу?

-Яагаад би Япон улсаас жишээ аваад яриад байна вэ гэхээр ходоодны хорт хавдрын өвчлөлөөр одоо гуравт бичигдэж байгаа ч 40 орчим жилийн турш дэлхийд хамгийн их тохиолдолтой улс байсан юм. Тийм болохоор олон жил судалж тэр утгаараа ч хорт хавдрын өвлөл, нас баралт буурч байгаа тул тус улсаас суралцах юм бидэнд их бий. Мөн бид Азийн нэг хэв шинжийн улсууд гэдэг утгаараа Японд хийгдсэн судалгаа маш үнэтэй гэсэн үг.

-Манай улсад тохиолдож байгаа хавдрын шинж бусад оронтой харьцуулахад ямар байна вэ?

-Манай улсад тохиолдож байгаа ходоодны хорт хавдрын онцлог Япон, Солонгос улсад тохиолддог тэр хорт хавдраас арай өөр байдаг. Энэ нь юугаараа харагдаж байна вэ гэвэл хавдрын байрлал нь ихэвчлэн ходоодны амсрын буюу  дээд хэсгийн байршилтай байдаг. Харин Япон, Солонгос зэрэг орнуудад ихэвчлэн ходоодны доод хэсэг буюу нуглуурт байрладаг. Тэгэхээр бид нарт судлах зүйл их байна. Монголд тохиолдож буй хелико бактерийн хоруу чанарын үзүүлэлт болох Cag-A хэлбэр нь Япон, Солонгост тохиолдож хелико бактерийн хэлбэрээс өөр байна. Энэ нь хорт хавдрын өвчлөл багатай Барууны буюу Европын хэлбэр талруугаа илүү давамгай байна гэсэн судалгааны үр дүн бий. Иймд яагаад ходоодны хорт хавдрын өвчлөлд бага нөлөөлдөг хелико бакетрийн удамшлын хэлбэр илэрсэн хэрнээ ходоодны хорт хавдар Монголд их байна вэ гэдэг асуудал нь эрдэмтдийн судлагдаагүй хавдар үүсгэх хэв шинж байгаа биш байгаадаа эсвэл хавдар үүсгэх өөр хүчин зүйл байна уу гэдгийг судлах хэрэгтэй байна гэсэн үг юм.

-Манай улсад нарийвчилсан судалгааг маш бага хийсэн гэдэг. Тэгэхээр ходоодны хавдрын өвлөл өндөр байгаа баруун аймгуудад судалгаа хийгдэх үү?

-Энэ онд Япон Монголын эмч нарын хамтрасан баг ходоодны хорт хавдарын өвчлөл өндөртэй баруун бүсэд хелико бактерийн хоруу чанарын нарийвчилсан судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Судалгааны үр дүн ямар гарах нь сонирхол татаж байна. Мөн бусад хүчин зүйл юу байна гэдэг их чухал. Хэдийгээр ходоодны хорт хавдрын шалтгаан нь төвөгтэй, нас баралт өндөр байгаа ч бас нэг ач холбогдолтой зүйл бол уг хавдрыг аль болох бага хэмжээтэй байгаа дээр нь эрт илрүүлэн оношилбол эмчлэх магадлал өндөр юм. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтоосон хугацаанд тогтмол хийлгэж хэвших нь чухал юм. Мөн тодорхой эрсдэл бүхий хүмүүст хоол шингэх үйл ажиллагаа хямрах шинж тэмдэг илрэх юм бол даруй шинжилгээнд хамруулж байх хэрэгтэй гэдгийг л сануулж байгаа юм. Энэ өвчлөлөөр нас баралт манай улсад өндөр байна гэхээр тухайн өвчин оройтож оношлогдож байна гэсэн үг. Оройтож оношлогдохоор уг өвчний эмчилгээний үр дүн буурч байгаа юм. Тэгэхээр анхаарал татсан асуудал болоод байна.

Дашрамд, Энэ сарын 14-ний өдрийн 14 цагаас “Blue Sky” цамхагийн 3 давхарын хурлын танхимд "УБ СОНГДО" эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга “Ходоодны хорт хавдрын эрт үеийн оношилгоо ба эмчилгээ” сэдвээр лекц унших юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж