Монголын оюутны холбоо өөрийн дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” одонгоо УИХ-ын гишүүн Л.Болдод олголоо. Тус одон нь Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулан өөрийн эрдэм боловсрол, мэдлэг чадвараа хойч үедээ залгамжлуулан, тэдний итгэл хүндэтгэлийг хүлээсэн хүнд олгодог шагнал юм байна. Монголын оюутны холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ардчилсан хувьсгалын гол хүч болсон оюутны удирдагч, манлайлагч, нийгмийн зүтгэлтнийх нь хувьд Л.Болдод энэхүү шагналыг олгох болсноо МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр онцоллоо.
Монголын оюутны эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд 25 жилийн өмнө Монголын оюутнууд Онц бага хурал хуралдуулж, ардчилсан үзэл санаа, хүний эрхийн төлөө нэгдэж байгаагаа зарлан тунхаглаж байжээ. Ардчилсан хувьсгалд гар бие оролцсон дөрвөн хүчний нэг нь тэр үеийн оюутнууд буюу МОХ байсан түүхтэй. Аль ч цаг үед оюутнууд тухайн нийгмийнхээ бүхий л давхаргын төлөөлөл болж байдаг. Энэ утгаараа ардчилсан хувьсгалд гар, бие, сэтгэл зүрхээрээ оролцсон оюутан бүрийн ард тэдний аав, ээж болох ажилчин, малчин, сэхээтэн гээд нийгмийн бүхий давхаргынхан үр хүүхдээ хүлээцтэй сонсч, үйл хэргийг нь дэмжиж байсан учраас хувьсгал ялалтаар төгссөн гэж үздэг.
Г.ДАРЬ