-Дүүгийн тань ар гэрийнхэн ямар байгаа бол. Эхнэртэй нь холбоотой байгаа биз дээ?
-Б.Хурцын маань гэр бүлийн хүн хоёр бага хүүхэдтэйгээ Англид байгаа. Харин хоёр том хүүхэд нь монголд байна. Ирсэн, очсон хүмүүсээс сураг ажиг сонсч л сууна. Бага насны хоёр хүүхэдтэй хүн хүний нутагт хэцүү байгаа нь ойлгомжтой шүү дээ. Үүнд бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Монгол хүн байна, дотоодын асуудал бол аяндаа болно гэж боддог. Гагцхүү манай төр засгаас авах арга хэмжээ, тэдний хэлж байгаа үгийг Английн тал анхаарахгүй, үл тоосон байдлаар хүлээж авч байгаа учир бага ч болов хувь нэмэр болох үүднээс жагсч байгаа юм.
-Эхнэр нь Б.Хурцтай байнга уулзаж байгаа юу?
-Долоо хоногт нэг удаа уулзах цаг урьдчилж авдаг юм шиг байна. Тэр цаг нь заримдаа олддоггүй гэсэн.
-Б.Хурцыг баривчлагдсаны дараа бол Ажлын хэсгийнхэн “Б.Хурцыг эх оронд нь авчирна” гэж итгэлтэй хэлж байсан. Гэтэл одоо тийм итгэл төрөхгүй байгаа бололтой?
-Бид огт эргэлзэхгүй байна. Бидний тэмцэл, төр засгаас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэдэг.
-Б.Хурцын өмгөөллийн зардалд их мөнгө зарцуулж байгаа гэх юм?
-Зардлын хувьд хүндрэлтэй зүйл бий. Гэхдээ манай гэр бүлийн л асуудал учир тэр бүгдийг нийтэд зарлаад баймааргүй байна. Сэтгэл санаа, эд материалын бүхий л талын туслалцаа үзүүлж байгаа найз нөхөд, хамт олон, хамтран ажиллаж буй ТББ-ынхандаа талархаж байна. Ямар ч гэсэн болгоод л байгаа.
-Хэрэг сунжрах тусам өмгөөллийн зардал өснө. Олон нийтийн зүгээс “Б.Хурц тийм баян хүн үү” гэх хардлага төрж байна?
-Б.Хурц мөнгөтэй юу, мөнгөгүй юу гэдгийг олон хүн мэдэж байгаа шүү дээ. Улаанбаатарын уугуул иргэд бие биеийнхээ гарал үүсэл, удам судрыг арван хуруу шигээ мэднэ. Ер нь бол найз нөхөд, хамт олны чин сэтгэлийн тусламж л их дэм болж байна.
-Таны бодлоор ажлын хэсгийнхэн хангалттай ажиллаж байна уу?
-Тэдний ажлыг би сайн, муу гэж дүгнэх эрхгүй. Төрийн ажил хийж байгаа хүмүүс. Энэ хүмүүс ажлаа хийж байгаа нь олон нийтэд ил тод, ойлгомжтой байна. Тиймээс бид ажилд дарамт үзүүлж болохгүй.