Тоглолтоос олсон бүх орлогыг нийгмийн сайн сайхны төлөө зориулж, ЭНЭШТ-ийн амьсгалын замын өвчтэй хүүхдүүдэд аппарат авч өгөх гэнэ. Энэхүү хүмүүнлэг санааг дуучин бүсгүйн найз нар нь санал болгосон бөгөөд Алтаа өөрөө ЭНЭШТ-д өөрийн биеэр очиж, орчинтой нь танилцан тус амьсгалын тасагт хэрэгтэй байгаа дуслын шахуурга, мониторыг авч өгөхөөр болжээ.
“Хүүхэд насны дурсамж” нэртэй тоглолт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд “Хүүхдийн ордон”-д 15.00 цагаас болно. Тоглолтод Монголын хүүхдийн ордоны “Segno”, “Angels”, “Magic” хамтлагууд болон бяцхан авьяаслаг сурагчид, мэргэжлийн хүүхдийн найрал дуу, “Anemone” хамтлаг оролцож, бяцхан үзэгчдийг ая дуугаараа хөглөх гэнэ. Поп дива Алтаа энэхүү тоглолтдоо “Галт тэрэг”, “Тагтаа”, “Өнчин цагаан ботго” зэрэг үе үеийн хүүхэд багачуудын “амталж” өссөн арван хит дууг толилуулах юм байна.
“Хүүхэд насны дурсамж” тоглолтын тасалбарыг “Хүүхдийн ордон”-ы кассаар 3000 төгрөгөөр худалдаалж байгааг дашрамд дуулгая.