&#34Квадратын зөрүүтэй байр худалдаалах боломжгүй болно&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

&#34Квадратын зөрүүтэй байр худалдаалах боломжгүй болно&#34

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус байгууллагууд хамтран ажилласнаар иргэд метр квадратын зөрүүтэй орон сууц худалдан авч хохирох асуудал цаашид үүсэхгүй юм байна.

"Барилгын компаниуд хууль тогтоомж дүрэм стандартыг мөрддөггүйгээс гадна тохижилтийн ажлыг хийдэггүй, авто зогсоол, ногоон байгууламжийг төлөвлөсөн зургийн дагуу хийдэггүй зөрчил түгээмэл илэрдэг. Тиймээс эдгээр зөрчлийг дахин гаргахгүй, таслан зогсоох үүднээс санамж бичиг байгуулан манай байгууллагаас хяналт тавьж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл барилга барих, хүлээн авах тусгай зөвшөөрөл олгох комисст манайхаас төлөөлөл орж байгаа юм. Ийнхүү хамтран ажилласнаар барилга барьж эхлэхэд л анхнаасаа метр квадратын зөрүү байгаа эсэх, стандартын дагуу тооцсон эсэхийг шалгах юм. Мөн үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээнд бичигдсэн байрны метр квадратын хэмжээ зөрж байгаа эсэхийг нарийн шалгана. Өнөөдрийн байдлаар нийт 900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанитай холбоотой 3.7 тэрбум төгрөгийн гомдол ирүүлсэн. Энэхүү гомдлын дагуу улсын байцаагчийн шаардлага хүргүүлж 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан. Иргэдийг хохироосон компаниуд хохирлын мөнгө төлөхийн оронд шүүхэд хандаж заргалдах тохиолдол цөөнгүй байна" гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ.

"Барилга нэгэнт баригдаж, худалаад авчихсан хойно метр квадратын зөрүү гарсан тохиолдолд иргэд хохирлоо эргэн төлүүлэх боломж маш бага байдаг. Харин анхнаас нь энэ асуудалд анхаарлаа хандуулснаар энэ эрсдэл бүрэн үгүй болно" гэж Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж