“Монгол лет ми ин”-ий ялагч С.Чимэгсайхан: Одоо би ирээдүйгээ гэрэлтэй, гэгээтэйгээр төсөөлдөг болсон
ТВ-9 телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн ялагч С.Чимэгсайхантай ярилцлаа.
-Эрүү нь ямар шалтгааны улмаас мурий болсон юм бэ. Хагалгаанд орохын өмнө маш их өвддөг байсан гэсэн?
-Уг нь бага байхад гайгүй байсан. Дунд сургуульд орсон цагаас эхлээд бага зэрэг мурий болж эхэлсэн. Эхлэх үед нь нэг их анзаарагдаад байдаггүй байсан. Харин зураг даруулаад харахаар мурий, далий харагддаг болсон. Улмаар оюутан болох үед эрс мэдэгддэг болчихсон. Тэгээд орой унтах бүрт маш их өвддөг, эвгүй эвшээх, инээхэд мултардаг, хатуу зүйл идэж чаддаггүй байсан. Бүр их өвдөөд байвал өвчин намдаах эм ууж, өвдөлтийг нь намдаадаг байлаа.
-ТВ-9 телевизийн энэхүү нэвтрүүлэгт орох саналыг хэн анх тавьж байсан бэ?
-Миний эрүү мурий буюу баруун тал руугаа далий, байнга зовиуртай байдаг гэдгийг манай бэр эгч мэддэг байсан. Тиймээс ч ТВ-9 телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн бүртгэл явагдаж байна, очоод бүртгүүлээд үзээч гэж санал тавьсан. Би хэд хоног бодож байгаад, уг нэвтрүүлэгт оролцохоор сэтгэл шулуудаад очиж бүртгүүлсэн.
-Нэвтрүүлэгт оролцохыг хүссэн 100 эмэгтэй дундаас ялагчаар тодорсон гэсэн. Өөрийгөө ялагч болно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Анх бүртгүүлэхдээ тийм олон хүн бүртгүүлсэн гэж мэдээгүй. Зүгээр нэвтрүүлгийн талаар ерөнхий мэдээлэл аваад л явсан. Удалгүй ТВ-9 телевизээс над руу залгаад нээлтэд ирэхийг хүссэн. Ингээд л 100 эмэгтэй бүртгүүлсэн гэдгийг мэдсэн. Нээлтэд очиход маш хүнд хүн олон байсан. Тиймээс тэдгээр хүмүүсийг хараад өөрийгөө ялагч болох эсэхэд эргэлзсэн. Гэхдээ 100 эмэгтэйгээс 20 хүнийг шалгаруулахад би үлдчихсэн. Үүнээс хойш л ялагч болно гэдэгтээ итгэлтэй болсон. Өөртөө “Би ялагч болно, БНСУ-д очиж гоо сайхны хагалгаа хийлгэнэ, тэгнэ, ингэнэ” гээд бодож эхэлсэн. Тэгээд ч ялагч болж чадсан. Ямарваа зүйлийг хүн бодож чадаж байгаа л бол хийж чадна гэдэг биз дээ.
-Өмнө нь эрүүгээ янзлуулах талаар бодож байв уу. Нүүрний гажгаасаа хэр их ичдэг байв?
-Эрүүгээ янзлуулах нь миний хамгийн том мөрөөдөл байсан. Ганц миний ч биш ээж, аавын маань мөрөөдөл байсан гээд хэлэхэд хилсдэхгүй. Мөрөөдлийг минь биелүүлж өгсөн бүх хүмүүст үнэхээр их баярлаж байгаа. ТВ-9 телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн хамт олон болон БНСУ-ын “Банобаги” гоо сайхны эмнэлгийнхэнд үргэлж талархаж явах болно. Нэвтрүүлэгт оролцож байхдаа 20 бүсгүй үлдчихсэн байх үед орой унтахдаа өөрийгөө ялагч болчихсон байгаагаар дүрслээд, төсөөлөөд л бодож, мөрөөддөг байсан. Яг л миний дүрслэн бодож байсан шиг мөрөөдөл минь биеллээ олсон.
-Гоо сайхны хагалгааг дэмждэг нэг хэсэг байхад дэмжихгүй нэг хэсэг байдаг. Таны хувьд аль талд нь ордог байв?
-Өөрт таалагдахгүй л бол гоо сайханы хагалгаанд орж, өөрчлөх гэхээсээ илүүтэйгүүр төрөлхийн болоод олдмол байдлаар бий болсон гажигтай хэсгээ янзлуулах нь зүйн хэрэг. Тэр тусмаа эмэгтэй хүн гоё харагдахын хэрээр өөртөө итгэлтэй, жигүүрээ дэлгэн нисч чаддаг. Тиймээс гоо сайхны хагалгааг буруутгаад, үгүйсгээд байх зүйл биш. Тухайлбал, би гэхэд л өвдөх, муухай харагдах, бусдад доромжлуулах, чичлүүлэх гээд олон асуудлаас гоо сайхны хагалгааны ачаар аврагдаж чадлаа шүү дээ.
-Мэдээж хагалгаанд ороход өвдөлтийг ихээр мэдэрсэн байх. Хэрхэн даван туулав?
-Хагалгаа бол үнэхээр хүнд юм билээ. “Банобаги” гоо сайхны эмнэлэгт би ганцаараа байсан. Нэлээд хүнд хагалгаанд орсон, хүний газарт ганцаараа, хэл мэдэхгүй, эрүүний хагалгаанд орсон учир ярьж чадахгүй, өвдөж байгаагаа хэлж чадахгүй гээд олон хүндрэлтэй зүйл гарсан. Солонгос хэл мэдэхгүй болохоор англиар бичиж, эмч нартайгаа ойлголцоно. Заримдаа дохио зангаагаар ойлголцоод л байсан. Уг нь “Банобаги” эмнэлгийн орчуулагч эгч байсан ч байнга миний хажууд байгаад байж чадахгүй нь ойлгомжтой. Өвдөлтийг даван гарахын тулд өмнө нь хэрхэн өвдөж, нойргүй хонодог байснаа боддог байлаа. Тэгээд л шөнө босоод өвчин намдаах эм уух бүрт аав, ээж хоёр маань сэрээд л байнга санаа нь зовж, шаналдаг байсныг бодож өөрийгөө зоригжуулдаг байсан. Энэ өвдөлтийг насаараа мэдрэхгүй хэсэгхэн хугацааг даван туулчихвал би зүгээр болно, гоё болно гэж бодоод л хагалгааны өвдөлтийг даван гарсан.
-Яг хэдэн төрлийн хагалгаа хийлгэв. Хагалгаа нь хэдий хугацааны дараа бүрэн эдгэрдэг юм бэ?
-Би уг нь давхраатай байсан. Гэхдээ хоёр өөр байсан учир нүдийг жижиг, том харагдуулдаг. Тиймээс нүдний давхраа гүн болгох, эрүү, шүдний гажиг засах, хамар өндөрсгөх, хөх томруулах гэсэн дөрвөн төрлийн хагалгаанд орсон. Эрүүний хагалгаа бүрэн эдгэж амжаагүй байгаа. Бүрэн эдгэрэх хугацаа нь зургаан сараас нэг жилийн дараа эдгэрч энгийн хүн шиг юм идэх боломжтой болно гэсэн. Одоо зөөлөн юмыг бага багаар, шингэн голдуу хоол идэж байна. Солонгост хагалгаанаас гараад ихэнхдээ будааны зутан иддэг байсан. Бусад хагалгааны хувьд асуудалгүй. Харин хөхний хагалгаа 1-2 жил болоод бүрэн эдгэрдэг гэсэн.
-Хэрэв нэвтрүүлэгт ороогүй буюу өөрийн зардлаар эдгээр хагалгааг хийлгэсэн бол хэр хэмжээний мөнгө төлөх байсан бол?
-Миний хийлгэсэн хагалгаанууд, очоод байрлах байр, явах зардал зэргийг оруулаад ойролцоогоор 100 гаруй сая төгрөг болох тооцоо гарсан. “Банобаги” эмнэлэг 100 хувь үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаа, байрлах байрыг бэлтгэж өгсөн. ТВ-9 телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгээс хоёр талын зардлыг гаргасан. Тиймээс би 100 гаруй сая төгрөг хожсон гэсэн үг. Би их азтай хүн. Хэрэв би энэ нэвтрүүлэгт оролцоогүй бол энэ их мөнгөөр хагалгаанд орж, эрүүл саруул болж чадах байсан эсэх нь эргэлзээтэй асуудал. Сайн хэлж мэдэхгүй байна.
-Хагалгаанд орохын өмнө эрүүний гажгаасаа хэр ичдэг байв. Мэдээж ийм үзэсгэлэнтэй залуу бүсгүйн хувьд нэлээд асуудал гардаг байсан байх?
-Өмнө нь хүмүүс надтай уулзаад, юм яриад сууж байхдаа миний эрүү рүү хараад л яриад байгаа юм шиг санагдаад байдаг байлаа. Тэгээд эрүү нэлээд далий байсан учир зарим үгийг хэлж чадахгүй буруу хэлж байгаагаа би анзаардаггүй. Харин сонссон хүмүүс шоолох байдал гарна. Эрүүнээс минь болж намайг “сар” гэж хочилдог байсан. Би чинь эмэгтэй хүн учир хүн доромжлоод, хоч өгөөд, элдвээр хэлээд байхаар үнэхээр их эмзэглэдэг. Тиймээс маш их сэтгэлээр унадаг. Тэр болгоныг ээж, аав хоёртоо л яриад уйлдаг байлаа. Амьдрал хэцүү санагдах үе байсан.
-Одоо “нар” болсон юм чинь өөртөө итгэлтэй, элдвээр хэлдэг хүмүүсийн өөдөөс нүүр бардам харж чадахаар болж?
-Тэгэлгүй яах вэ. Өөртөө бүрэн итгэлтэй амьдарч байна. Тийм том хагалгааг даваад гараад ирсэн юм чинь. Одоо би ирээдүйгээ маш сайхнаар, гэрэлтэй гэгээтэйгээр төсөөлж байгаа.
-Найз залуутай юу. Ярилцах хугацаанд ээж, аавынхаа талаар яриад байсан болохоор асууж байна?
-Миний хүнд хэцүү бүхнийг хамтдаа үүрдэг, хамтдаа өвддөг, шаналдаг болохоор ээж, аавдаа би том өртөй хүн. Аав, ээж хоёртоо маш их хайртай. Би найз залуутай. Бид хоёр үерхээд таван жил болж байна.
Ж.ОТГОН
Эх сурвалж: www.mminfo.mn