“Ард түмнээ сонсъё” аян боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

“Ард түмнээ сонсъё” аян боллоо

Архангай аймагт өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан “Ард түмнээ сонсъё”  долоо хоногийн аян боллоо. Тус аянд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, намын удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, ХХААХҮ-ийн сайд Б.Бадамжунай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, ЖДҮГ-ын дарга Ц.Ням-Осор, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, ЭБЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Энхтайван, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн  тэргүүтэй төлөөлөгчид  болон намын дэргэдэх төрийн бус байгууллагынхан, төвийн хэвлэл мэдээллийнхэн оролцжээ. Тус аянг сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурлаар эхлүүлсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд, Монгол улсын Засгийн газрын гишүүн болоод УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Бадамжунай “Булган хангай” орон сууцны хорооллын зураг төслийг аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Мөнхбат, аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарт гардуулан өглөө.

Хэвлэлийн бага хурлын дараа намын удирдлагууд өрлөг жанжин Дэмидийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөж, намынхаа гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцон, зарим гишүүддээ шагнал гардуулжээ. Тус аймагт МАН-ын 9000 гаруй гишүүд байдаг аж. Мөн энэ үеэр  намын удирдлагууд ХХААЖДҮГ, Мал эмнэлэг, нийтийн худалдааны төвүүд, Эрчим хүч, Эх голомтын илч ХХК, Ундарга ХК, МЦХ-ны Архангай дахь салбар, Монгол шуудан, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, ОБХ, Тээвэр зохицуулалтын газруудаар орж ажил байдалтай танилцсан юм.

“Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд ЕБС-ийн арав, арваннэгдүгээр ангийн төгсөгчидтэй уулзалт зохион “Солийн Данзанг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдааныг дүгнэн, шагнал гардууллаа. Тус аяны хүрээнд аймгийн иргэдтэй  уулзалт зохион, урлагийн тоглолтоор үйлчилжээ. Эл тоглолтод ардын жүжигчин Д.Самбуу, соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Алтанцэцэг, дуучин BX, Жавхаасайхан, Идэржавхлан, Оюун-Эрдэнэ, Наранхүү, Батболд, “Motive”, “Fire”, “Icetop” зэрэг хамтлаг, дуучид оролцсон байна. Уг үйл ажиллагаатай уялдаад ГХБХБГ, ХХААЖДҮГ, БОГ, ХХҮХ, УБХ, ХДТ, Музей гэх мэт аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бүхий л байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохиож, иргэдэд байгууллагаа сурталчиллаа.

Ийнхүү хэвлэлийн хуралтай, иргэдийн уулзалттай, шагналын хуртай, “шоу”-тай МАН-ын “Ард түмнээ  сонсъё” аян Эрдэнэбулган суманд амжилттай зохион байгуулагдлаа. Намын удирдлагууд баг болон хуваагдаж долоо хоногийн турш Архангай аймгийн сум, багуудад ажилласан юм.

Дашрамд сонирхуулахад, МАН-ын анхны үүр Архангай аймгийн Хашаат суманд байгуулагдаж байсан бол МАН-ын анхны дарга Солийн Данзан мөн л тус  аймгийнх аж. Энэ ч үүднээс МАН-ынхан хүндэтгэл үзүүлэн, аяны гараагаа тус аймгаас эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж