Гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,  дэд дарга С.Одонтуяа,  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар энэ сарын гуравны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзсан юм.

Гишүүдийн танилцсан эхний байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба. Тус алба нь Хэнтийгээс гадна Дорнод, Сүхбаатар аймгаас хорих ялаар шийтгэгдсэн хоригдлуудыг хүлээн авдаг зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ганц Хорих ангитай. Одоогоор 300 гаруй хүмүүжигч хорих ял эдэлж байна. Тэднийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөрт сургаж, мэргэжлийн баримжаа олгох тал дээр нэлээд анхаарч ажилладаг нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, номын сан ажиллуулж, уншигчийн каталоги хөтлөх ажлыг саяханаас эхлүүлжээ. Сонгож уншиж байгаа номоор нь  хүмүүжигчийн зан байдлыг дүгнэх боломжтой гэж үзсэн байна. Номын сангийн фонд нь нийт 800 номтой аж. Түүнчлэн хүмүүжигчдийнхээ чадварт суурилан, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, төрөл бүрийн мэргэжлийн баримжаа олгох сургалт, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тухайлбал, монгол гутал үйлдвэрлэж, сийлбэрээр сувинерүүд хийж байна.

Гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, мэдээлэл солилцох үеэр алба хаагчид 36 сарын тэтгэмжийг бууруулахгүй байхыг захиж байв.

Дараа нь нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилтнуудтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудад хандаж үг хэлэхдээ эрүүл мэндийн салбарт хууль эрхзүйн, санхүүгийн, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн мөн хандлагын шинэчлэл явагдаж байгааг онцоллоо. Тэрээр цааш нь хэлэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хорт хавдрын болон туяаны эмчилгээ, хөнгөвчлөх үйлчилгээ зэрэг өндөр өртөгтэй зарим эмчилгээ, үйлчилгээг мөн жирэмсний өмнө болон дараахь үеийн эмчилгээг даатгалд хамруулахаар болсныг дурдав. Мөн Хэнтийчүүд эрүүл мэнд болон гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг архидан согтуурахтай идэвхтэй тэмцэж, архидалт буурч байгааг сайшаалаа. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар иргэдтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог эрчимжүүлснээр өвчний эрт илрүүлэлт эрс  сайжирсан байна. Мөн 9 сая төгрөгөөр дугаарлалтын машин хоёрыг авч тавьсан нь иргэдийн сэтгэлд ихээхэн нийцсэн ажил болжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэр бүхий гишүүдийн хамтаар намрын чуулган завсарлахын өмнөхөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд Чингис хотод ажиллах үеэрээ уг төслийнхөө талаар салбарын ажилтнуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уулзалтын үеэр эмч, ажилтнууд эмнэлгийг эрүүлжүүлэх газар болгосныг буруушааж, тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог тэтгэмжийг бууруулахгүй байхыг хүсч, эрүүл мэндийн байгууллагыг цахимжуулах шаардлагатай байгааг дуулгалаа. Нэгдсэн эмнэлгийн барилга муудаж, хоёр блокт нь үйл ажиллагаа явуулахыг хориглосон Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажил 30 хувьтай байгаа аж. Үлдсэн хөрөнгийг шийдвэрлэж, энэ ондоо багтаан барилгын ажлыг дуусгах тал дээр анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлага хүслээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, эм урвалжийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нутагт нь зочилсон УИХ-ын гишүүдэд дуулгаад авав.

Чингис хотод ажиллаж буй УИХ-ын гишүүд үдээс хойш иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын эхэнд Б.Гарамгайбаатар дарга УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоолууд болон 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдийн талаар,  мөн “шинэчлэлийн” Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлууд, “шийдлийн” Засгийн газрын хэрэгжүүлж эхлүүлж буй ажлууд, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, Хэнтий аймагт хуваарилагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд гэх мэт олон зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Харин С.Одонтуяа гишүүний хувьд УИХ-аас баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, төслийн шатандаа байгаа Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар, Х.Тэмүүжин гишүүний зүгээс хуульзүйн салбарт хийгдэж буй шинэтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын үеэр иргэд гишүүдэд асуулт тавьж, санал шүүмжээ хэлж байлаа. Тухайлбал, өндөр настан, малчин Б.Баатар “Улс орныхоо усаар нь ундаалж, ургамлаар нь хооллож байгаагийн хувьд малын хөлийн татварыг авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ татварын хэмжээг багаар тогтооход анхаараач ээ” хэмээн хүссэн бол МСҮТ-ийн менежер Г.Базарсад “Төрийн албанд ажиллаж байгаа бүх хүний мөрөөдөл нь 36 сарын тэтгэмж байдаг. Насаараа төрийн  албанд зүтгэж байгаад, тэтгэмжээ аваад, орон сууцны зээл, үр хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөхөөс эхлээд гавъяаныхаа амралтыг эдлэхдээ эрхлэх жижиг бизнестээ хөрөнгө оруулах гээд олон зүйлийг эртнээс бодож төлөвлөдөг, шийдвэрлэдэг. Тиймээс энэхүү тэтгэмжийн мөнгийг бүү бууруулаарай” гэв. Мөн 4-р багийн иргэн, өндөр настан Шагдарсүрэн УИХ баталсан хууль, тогтоолуудынхаа талаар иргэдэд таниулах, сурталчлах тал дээр анхаарч ажиллахыг захиж, өндөр настан Баавай  Монгол хэлний тухай хуулийг баталсантай холбогдуулж, Чингис хотынхоо бүх албан байгууллагын хаягийг монгол хэл, бичиг дээр болгохыг санал болголоо. “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч н.Одонтунгалаг “УИХ баталсан хууль, тогтоолуудаа сурталчлах тал дээр хангалтгүй ажиллаж байгаа талаар иргэд шүүмжилдэг. Энэ зардлыг төсөвт тусгаж, орон нутгийн хэвлэл мэдээлллийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах талаар анхаараач” хэмээн хүслээ.

Э.ИРЭХБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж