Намуудын “толгойны өвчин” сонгуулийн тогтолцоо

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Намуудын “толгойны өвчин” сонгуулийн тогтолцоо

Хаврын чуулганаар хэлэлцэн батлах учиртай анхаарал татсан асуудал бол Сонгуулийн  тухай хууль. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан  гэж буй. Өнөөдрийн байдлаар УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулах, сонгуулийн санхүүжилт, түүний эх үүсвэр,  зардлыг багасгах, нэг намын хүмүүс хоорондоо  өрсөлдөхгүй байх асуудлаар санал нэгджээ. Харин ирэх сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг  улстөрчдийн “толгойны өвчин” болж,  эрхэм гишүүд ёстой л нэг ухаанаа уралдуулж байна. Төрийн байгуулалтын  байнгын хорооноос өгсөн мэдээллээр МАН 100 %  мажоритар, АН 28:48, ИЗНН 50:50 байх нь  зөв гэх санал оруулжээ.

МАН-ын хувьд пропорциональ системээс  дахин ухарч нэг мандат, нэг тойрог  буюу жижисгэсэн 76 тойрогт өрсөлдөх саналтай байгаагаа мэдэгдсэн. Энэ хувилбар нь 2016 онд эрх баригч болоход хамгийн дөхөм гэж үзсэнийх байх. Нөгөө талаас Ц.Нямдорж гишүүний хэлснээр “Оймсонд үсэрч”  УИХ-д орж ирэх популистуудын замыг хаана үзэв бололтой.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 76 жижигсгэсэн  тойрог зөв байж болох ч  олон жил пропорциональ систем рүү шилжинэ гэх зарчмаас даруй ухарсан сонголт болно.

Харин АН-ын хувьд одоогийн хувилбар буюу 28:48  буюу холимог тогтолцоог  үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Тус намын хувьд  сонгууль болгоноор хууль өөрчлөх нь улстөрийн тогтворгүй байдал бий болгоно гэх  шалтгаан хэлж буй. Энэ шалтгаан нь зүгээр л өнгөлөн далдалт байх магадлалтай. Учир нь намууд, улстөрчид өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгохоос биш  иргэний нийгмийнхний  байнга ярьдаг улстөрийн соёлтой тогтолцоо, намуудын төлөвшил, засаглалын зөв хэлбэрийг чухалчлах нь бага. ИЗНН-ын  тухайд 50:50 гэх хувилбар дэвшүүлээд байгаа. Чухам ямар  үндэслэлээр энэ хувилбарыг сонгосон талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Үндсэн хуулинд шууд ба  төлөөллийн ардчилал гэж бий. Олон улсад мажоритар, пропорционалийн аль аль  хувилбар  тэнцүү байх, нэг нь нөгөөгөөсөө ялгарахгүй байх зарчим руу явж байна. Бид өнөөдөр намуудыг хараахаас илүүтэй намын санхүүжилт, ил тод байдал, хяналт, тайлагналыг сайжруулах хэрэгтэй. Энэ үүднээс ИЗНН олон улсын зарчмыг дагаж 50:50 байх нь зөв гэж үзэж байгаа. 100 хувь мажоритар гэдэг санал оруулж байгаа нам ардчилалын мөн чанарыг  ойлгохгүй байна л гэж харж байна” гэсэн юм.

Дан мажоритар, пропорциональ тогтолцооны  аль аль нь  эерэг, сөрөг талтай учраас холимог тогтолцоо руу  дэлхийн улсууд явж байна гэж судлаачид, иргэний нийгмийнхэн үздэг. Харин манай улстөрчид  Сонгуулийн хуулиа хэрхэн өөрчлөхөө хав дарж, ханцуйн дотроо наймаалцаж байгаад  2016  оны сонгуультай уралдаад баяр тааруулж батлах магадлал өндөр. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж 2012 оны сонгуулийн дараах өдрөөс эхлэн ярьсан ч өнөөдөр нэг иймэрхүү л бантан зуурцгааж сууна. Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байсан бол УИХ-ын даргын захирамжаар Ж.Батзандан гишүүнээр ахлуулахаар болжээ. Ажлын хэсэг хэр нээлттэй, ил тод ажиллаж, мэдээллээ өгөхийг харж л байя.

С.ОТГОНСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж