Английн ерөнхий сайд асан Тони Блейр Монголд үе үехэн чимээ шуугиангүй саатаад буцах нь бий. Чингэхдээ голдуу манай үе, үеийн Ерөнхий сайдтай ганцаарчилан уулзаж, заавар зөвлөгөө өгдөг нэртэй.
Энэ удаад ноён Блейрын Монголд ирсэн гол зорилго тодорхойгүй, Ерөнхий сайдтай үдийн зоог барихдаа яг ямар зөвлөгөө өгсөн нь бас л нууц. Аливаа асуудал нууцлагдах тусмаа бусдын сониучирхлыг бүр ч илүү татдаг гэмтэй. Ямартай ч тэрбээр С.Батболдын Засгийн газрын үеэс л монголчуудтай хамтран ажиллаж, манай Засгийн газар болон зарим улстөрчидтэй сүжирхэх болсоор удаж байгаа юм.
Их Британийн ерөнхий сайдаар 10 ажилласан дэлхийн нэр хүндтэй улстөрчдийн нэг яах аргагзй мөн хэдий ч улс төрийн карьер нь нэгэнтээ дууссан ноён Блейр “Тони Блейр” сангаараа дамжуулан хөгжиж яваа болон ядуу буурай орнуудад зөвлөгөө өгдөг гэх. Чухам иймээс л Тони Блейрыг ирэх болгонд ганцаарчилсан уулзалт хийх Монголын улс төрчид түүнээс зөвлөгөө авахын тул сэм, сэмхэн урьдаг байж болох талтай. Монголын Засгийн газар Тони Блейртэй таван чиглэлд хамтарч ажилладаг талаар хоёр жилийн өмнө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнд мэдээлж байв. Тэгэхээр Ерөнхий сайд болон Тони Блейр зоог барих явцдаа өмнөх ажлаа үргэжлүүлэн ярилцсан байх магадлалтай. Гэвч дэлхийн 30 гаруй оронтой гэрээ байгуулсан ажилладаг ноён Блейр монголчуудад чухам юу зөвлөдөг вэ? Түүний зөвлөгөөгөөр Монголын эрх баригчид ажилладаг гэвэл тэр тун тааруухан зөвлөгч болж таарах нь. Нөгөө талаар үнэгүй зөвлөгөө өгдөг болохоороо сэтгэлгүй ханддаг ч байж магадгүй юм.
С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ноён Блейрээс зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан гэлцдэг бөгөөд тухайн үед ч Тони Блейр монголчуудаас сохор зоос авахгүйгээр зөвлөгөө өгч байгаа гэх тайлбар ч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр хууль зүйн зөвлөгөөг үнэгүй өгч байгаа түүний сайхан сэтгэлийг талархмаар байвч, чухамдаа юу зөвлөдөг болохоороо Монголын эдийн засаг түүнтэй гэрээ хийснээс хойш уруудан доройтовоо гэсэн сонирхолтой асуулт давхар хөндөгдөж байна.
Магадгүй, үнэгүй зөвлөгөө өгдөг учраас нь тэр монголчуудад сэтгэлээсээ хандаж, мэддэг, чаддаг бүхнээ гаргахыг хүсэхгүй байна уу эсвэл түүний өгсөн зөвлөгөөг манайхан нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг хэрэг үү. Аль нь ч байсан, Якунины хэлсэн нэг айхтар үг бийг эрх баригчдад сануулахад гэмгүй биз. Үнэгүй талх зөвхөн хавханд байдаг гэж.
Хөгжиж яваа болон ядуу буурай орнуудад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах үнэт зөвлөгөө өгдөг Блейртэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан С.Батболдын Засгийн газар л гэхэд Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх хуулийг баталж байсныг юу гэж ойлгомоор ч юм бэ дээ. Ямар ч байсан тэр хуулийг уршиг өнөөдрийн эдийн засаг хямрах л тод шалтгаан болсон нь худлаа биш юм.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч ноён Блейртэй аминчлах уулзсан гэх боловч, эдийн засгийн хямраасан гэх нэр хочтойгоор албан тушаалаасаа огцорсон. Одоо Ч.Сайханбилэг. Монголын Засгийн газрын үе, үеийн тэргүүнүүдтэй аминчлан уулзах Блейр энэ удаа ямар зөвлөгөө өгөв өө.
Эдийн засгийг хямралаас гаргах даалгавартайгаар байгуулагдсан Шийдлийн Засгийн газар Оюутолгой болон Тавантолгой төслийг урагшлуулахын тулд Тони Блейрээс зөвлөгөө авсан байж магадгүй хэмээн улс төрийн хүн таамаглацгааж байгаа бололтой юм. Гол асуудал Оюутолгойд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Тони Блейртэй санал солилцсон байж магадгүй. Оюутолгойн хувьд ямар шийдэл олохоо Монголын Засгийн газар одоогоор олоогүй байгаа юм. Тавантолгойн асуудлаар монголчууд хоёр хуваагдсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг яаралтай батлахгүй бол Тавантолгойн мега төсөл бутарч унах эрсдэл хүлээж байгаа. Гэх мэтчилэн Засгийн газрын тэргүүнд цөөнгүй асуудлаар Тони Блейрийн зөвлөлдөх шалтгаан байсан л байх. Нөгөө талаар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Станд бай" хөтөлбөрийн асуудлаар зөвлөгөө өгөхөөр Блейр Монголд ирсэн байж болох.
Эдийн засаг хэдийгээр хямралтай байгаа ч Монголд "Станд бай" хөтөлбөр хэрэггүй. Эдийн засгаа борцлохгүйн тулд монголчууд нэгдүгээр замыг сонгосон. Гэсэн ч тэмээ гэхээр ямаа гэдэг шиг МАН-ын зүгээс сүүлийн үед "Станд бай" хөтөлбөр хэрэгтэй хэмээн зөрүүдлэх болсон. Ийм л олон асуудал дунд толгой нь эргэчихээд байгаа Засгийн газарт зөвлөхөөр Их Британийн экс Монголын хахир хавраар Улаанбаатарт ирсэн биз. Үнэт цагаасаа хумслан байж монголчуудад зөвлөх түүний сайхан сэтгэлийн ард чухам ямар зорилго нуугдаж байгаа нь сонин.
Юутай ч манай Ерөнхий сайдад Английн экс ерөнхий сайд юу гэж зөвлөсөн нь нууц ч тэр нь хямралаас гаргах мэргэн санаа байх болтугай гэж харж л суухаас даа.
Ж.НЯМСҮРЭН