Нийслэлийн хэмжээнд хийж буй зам засварын ажилтай Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газрын холбогдох албан тушаалтнууд танилцлаа. Энэ үеэр зам засч буй компанийнхан хамгийн түрүүнд “Бензин, шатахуун хомсодсон нь засварын ажилд саад учруулж байна. Энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол ажлаа төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж чадахгүйд хүрнэ” гэсэн саналыг хэлж байлаа. Учир нь компаниуд өдөрт хэрэглэх түлшнийхээ 50 орчим хувийг л авч байгаа аж. Зам засч буй компаниуд шатахуун импортлогч компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр дизель түлш авдаг. Гэсэн ч нэг удаад 100 хүртэлх мянган төгрөгт шатахуун авч байгаа ажээ. Үүнээс үүдэлтэйгээр зарим компани үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсооход хүрсэн байна. Тухайлбал, Толгойтын баруун салааны 4.1 км замын ажил шатахууны хомсдолоос болж бүрэн зогчээ. Харин “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийн урдах зам засварын ажил үүнээс болж удаашраад байгаа ажээ. Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү “Зам засварын ажлыг дулааны улиралд хийж дуусгах нь чухал. Тиймээс энэ асуудлыг холбогдох хүмүүст нь уламжилна” хэмээсэн юм. Нийслэлийн Авто замын газраас зам засварын ажилтай холбоотойгоор зарим чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн маршрутыг өөрчилснөө танилцуулж байсан. Тэгвэл үүнийг ч дахин өөрчлөх шаардлага тулгарчээ.
МХЕГ, нийслэлийн Автозамын газрынхан үүнээс гадна Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн гарц, Ажилчны гудамжны 3.5 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцсан юм. Гүүрэн гарцын хувьд барилгын ажил нь 50 орчим хувьтай үргэлжилж байгаа юм. Харин Ажилчны гудамжны авто замын өргөтгөлийн ажлын хувьд хашлага, нөхөөс, холбоо, цахилгааны болон нөөц сувагчлалын ажлыг хийж байгаа ажээ.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин