Гурав дахь асуудал нь Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлогын баримт бичиг аж. Бүлгээс Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан бөгөөд дахин долоо хоног үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Учир нь энэ асуудлыг хэлэлцэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй олон санал гарсан байна. Тухайлбал, хилийн боомтыг удирдах удирдлагыг нэг тогтолцоонд оруулах ёстой гэж үзжээ. Одоо үйлчилж байгаа тогтолцоогоор хилийн боомт дээр дөрвөөс таван толгой ажилладаг аж. Мэргэжлийн хяналтын алба, гааль, хил хамгаалах алба, дээрээс нь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх мэт. Тиймээс эдгээр олон толгойг хэн нь удирдаж, зангидаж байх вэ гэдгийг тодорхой болгох. Мөн хил дээр иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ, татвар хураамжуудыг цэгцлэх тухай ч хөнджээ.
Хэдийгээр хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй боловч бүлгээр хөндсөн чухал асуудал нь Авлигатай тэмцэх газрын дарга нарын тухай аж. Бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс “Авлигатай тэмцэх газрыг удирдах дараагийн дарга нарыг томилох ёстой” гэж үзсэн юм байна. Ингэхдээ тэд “Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг гэм буруутай гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн учраас дараагийн удирдлагыг томилох тухай асуудлыг УИХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд уг газрын удирдлагыг шинээр томилохгүй бол чуулган завсарлаад хугацаа алдана хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ долоо хоногт зарлагдах УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд дээрх асуудлыг оруулахаар болж, тогтсон байна.
Мөн энэхүү мэдээллийн үеэр сэтгүүлчид сонгуулийн тогтолцоон дээр Ардчилсан намын бүлэг ямар байр суурь баримталж буй талаар сонирхсон юм. Үүнд бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт нэлээд шахуу ажилласан. Сонгуулийг шударга, булхай луйваргүй зохион байгуулах чиглэлээр нэлээн олон саналыг ажлын хэсгийн төвшинд хураасан. Гэхдээ дутуу орхисон санал юу байна вэ гэдэг дээр ажлын хэсэг дахиж ажиллана. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор олон тоо гарах болсон. 24:52 гэх юм уу эсвэл 26:50 гэдэг ч юм уу. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүний хувьд хэлэхэд өнөөдөр энэ талаар ямар нэг эцсийн шийдвэр гараагүй байна. Эцсийн шийдвэр хаана гарсан бэ гэхээр бүлэг болоод намын төвшинд гарсан. Ардчилсан намын бүлгийн хувьд эргэлзэх зүйлгүйгээр холимог тогтолцоон дээр 26:50 гэсэн пропорцианаль тогтолцоогоор орж ирэх гишүүд нь давамгайлсан байна гэдэг дээр байр суурь ойлгомжтой хатуу зогсож байгаа. Ажлын хэсэг дээр сонгуулийг булхай луйваргүй шударга болгох энэ бүх зүйлийг хийе. Сонгуулийн тогтолцоо бол өөрөө улстөрийн шийдвэр. Парламентад суудалтай намууд байр сууриа нэгтгэх ётсой. Энэ бүх процессын санал явсны дараа улстөрийн намууд эцсийнхээ байр суурийг илэрхийлж сонгуулийнхаа тогтолцоог шийдвэрлэх ёстой” гэлээ.