-Танай Зохицуулагчдын зөвлөлөөс цахилгаан дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаад удаагүй байна. Үүнийг дагалдаад бусад бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний үнэ “хөдөлчихдөг”. Тиймээс тарифыг өөрчлөхгүйгээр асуудлыг шийдэх боломж байсангүй юу?
-Цахилгаан, дулааны үнэ суурь тариф гэдэгтэй санал нэг байна. Тиймээс ч бид төдийгүй УИХ, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарч, маш олон жил үнэ нэмэхгүй барьж ирсэн. Энэ нь одоохондоо хэрэглэгчдэд ээлтэй мэт харагдавч алсын үр дагавар нь эсрэгээрээ тусч эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдахад хүрч байгааг ганц хоёр жишээгээр тайлбарлая. 1990-ээд онд цахилгааны тасалдал 184-217 удаа гарч байснаа 1997 оноос эрс сайжирч, 2006 он гэхэд жилд зургаан удаа цахилгаан тасалдаж байсан статистик бий. Гэтэл энэ тоо 2008 онд 99 болж нэмэгдсэн бол 2009 оны эхний есөн сард 112 удаа цахилгаан тасалдаж, хязгаарлалт хийжээ. Эндээс эрчим хүчний салбар 1990-ээд оны үеийн хямралын байдалд ороход ойрхон болсон нь харагдаж байгаа биз. Тиймээс бид хямралд эргэж орох уу, үнээ бага зэрэг өсгөөд хэвийн ажиллагаагаа хангах уу гэдэг хоёр замын нэгийг сонгохоос аргагүйд хүрсэн. Одоогийн байдлаар айл өрхүүдийн цахилгааны үнэ хуучнаараа 68 төгрөг хэвээр байгаа. Харин аж ахуйн нэгж байгууллагын хувьд нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 79 төгрөг болон нэмэгдсэн. Энэ үнийг бусад салбартай харьцуулаад үзье л дээ. Өнөөдөр хүмүүс гар утасны нэг нэгжийг 50-80 төгрөгөөр худалдан авч байгаа. Үүгээр нэг минут л ярих боломжтой. Гэтэл нэг киловатт цахилгаанаар 10 цагийн турш телевиз үзэж, нэг цаг цахилгаан зуухаа ажиллуулдаг байх юм. Дулаан гараажид машинаа хонуулахад хоногт 5000, сард 150 мянган төгрөг төлж болдог хэрнээ өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон цахилгаан, дулааны үнэ хөлсөө өгөхдөө байнга гар татаж байдаг нь манай нийгмийн нэг сүүдэртэй тал юм. Энэхүү харам сэтгэлийн ард цахилгаан, дулааны горим алдагдахад хүрч, доголдол үүсээд байгаад л хэргийн учир оршиж байгаа юм.
-Саяхан МҮЭ-ийн нэгдсэн холбоо, Хэрэглэгчдийн нийгэмлэг зэрэг байгууллага хамтарсан судалгаа хийж, эрчим хүчний салбарынхан дотоодын хэрэглээгээ хянаж зардлаа хэмнэх боломж байна гэж мэдэгдсэн?
-Номд заалгаснаар бол эрчим хүч үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн цахилгааныхаа 13 хувийг эргүүлэн ашиглах ёстой гэдэг. Гэвч амьдрал дээр энэ биелдэггүй. 2001 онд эрчим хүчний салбар нийт үйлдвэрлэсэн цахилгааныхаа 22 хувийг зарцуулдаг байсан бол одоо 15,8 хувийг зарцуулж байгаа. Шугам сүлжээний алдагдал 24 хувиас буураад 16,8 хувьд хүрснээр нийт 20 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна. Энэ бол мэргэжлийн бус хүмүүст сайн ойлгогдохгүй байж болно. Мэргэжлийн хүмүүс бол хэлнэ дээ. Үүнд хүрэхийн тулд их ажил өрнөдгийг.
-Та ихэвчлэн 2001 оныг өнөөтэй харьцуулан тайлбарлаад байгаа нь тэр үед эрчим хүчний салбар эерэг үзүүлэлттэй байсантай холбоотой юу?
-2001 онд манай эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийж, бие даасан компаниуд бий болсноор Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулсан юм.
-Бусдаас авах авлагаа авч чадахгүй байгаа нь доголдолд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү. Авлага, өглөгийн байдал ямар байна вэ?
-Бас л 2001 оны тоо баримтыг одоогийнхтой жишиж хэлэх нь дээ. Тэр үед 21,8 тэрбум төгрөг байсан авлага аажмаар буурсаар байсан ч 2008 онд 31 тэрбум болж нэмэгдсэн. 2009 онд 27 тэрбум төгрөгийн авлагатай гарсан. Өглөгийн хэмжээ өнөөдрийн байдлаар 55,8 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Нийт авлагын 80 хувь, өглөгийн 64 хувь нь 2001 оноос өмнө үүссэн байдаг. Тиймээс олон жил дамжсан энэ өр авлагыг тэглэчих нь зүйтэй санагддаг. 2001 оноос өмнөх өр, авлагыг тэглэчих юм бол салбарын хэмжээнд зургаан тэрбумын авлага, 20 орчим тэрбум төгрөгийн өглөг үлдэнэ. Үүнийг зохицуулчих боломж бий. Өр авлага үүсээд байгаа үндсэн шалтгаан нь бодит үнэ өртгийг тогтоож чадаагүйтэй холбоотой байдаг.
-Тэгэхээр хоёулаа дээр хальт дурдаад орхисон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар эргээд ярилцъя. Танайхаас үнийн судалгаа хийсэн гэж байсан.
-Судалгааг манайх дангаараа хийсэн юм биш. Сангийн яамны оролцоо бий. Судалгаагаар “Атар” талх 15 төгрөгөөр, сүү литр нь таван төгрөгөөр, дээд гурил нэг кг нь найман төгрөгөөр, нөөцийн мах нэг кг нь 42 төгрөгөөр нэмэгдэж болзошгүй гэсэн тооцоог Сангийн яам эцэслэн батлаад байгаа. Тэгэхээр үйлдвэрлэгчид үүнд дүйцүүлэн нэмэхээс бус хэт хөөрөгдөж болохгүй. Бараа бүтээгдэхүүний үнэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянаж байх учиртай. Тиймээс үйлдвэрлэгч нар хэт их хэмжээгээр хөөрөгдөхгүй байх гэж найдаж байгаа.
-Энэ удаад зөвхөн цахилгаан дулааны үнийг өсгөөгүй гэж та түрүүн тодотгосон. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлавал…?
-Энэ удаа нүүрсний үнийг 30 орчим хувиар, төмөр замын тээврийн зардлыг 25 хувиар өсгөхөөр мөн шийдвэрлэсэн. Гэтэл хүмүүс цахилгаан дулааны үнийг илүүтэй яриад хүч өгөөд байгаа л даа. Би бусад салбарынханд атаархдаг юм. Барилга, харилцаа холбоо, үйлчилгээний салбарынхан жийптэй давхиж байхад эрчим хүчнийхэн УАЗ-469 машинтайгаа л “уралдаж” явна шүү дээ. Бусад салбарынхан дэлхий нийттэй хөл нийлэн алхаж байхад манай цахилгаан станцууд 40 “нас” зооглоод байна. Шугам сүлжээ нь бүр нэгэн жарныг элээсэн гээд бод л доо. Эрчим хүчний салбарт нэг ч шинэ үйлдвэр баригдсангүй. Барилгын салбар энэ жилээс эргээд сэргэнэ гээд байгаа. Гэтэл шинэ барилгыг цахилгаанаар хангах эрчим хүчний нөөц боломж хомс байна.
-Цахилгаан дулааны шинэ эх үүсвэр гэж та тавдугаар цахилгаан станцыг хэлээд байна уу?
-Тийм ээ. ТЭЦ-5-г яаралтай барих хэрэгтэй гэж би олон жилийн өмнөөс ярьж байгаа. Яагаад гэвэл цахилгаан станцыг 5-6 жил барьж байгуулдаг. 1980-1983 онд манай хотод орон сууцны олон хороолол ашиглалтад орж цахилгаан эрчим хүчний хүрэлцээгүй байдалтай тулгарч байсан юм. Тэр үед ганцхан ТЭЦ-3 ажиллаж байлаа. Харин ерээд онд техникийн хоцрогдол нүүрлэсэн. Эрчим хүчний салбарт хүндрэл учирснаас болж манай улсын экспортод ч саад учирч байсан сургамжийг мартах учиргүй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байхад Эрдэнэт УБҮ-ийн үйлдвэрлэл цахилгаанаас болж саатахад хүрч, талийгаач Ш.Отгонбилэг дарга ТЭЦ-4 дээр ирж ажиллаж байсан юм. Яг тийм хүндрэл давтагдах вий гэсэн болгоомжлол байгааг нуугаад яахав. Тиймээс Улаанбаатар хотын тухайд ТЭЦ-5 барих ажлыг л хурдавчлах шаардлагатай байна.
-Хөдөө орон нутгийн хувьд цахилгааны эх үүсвэр хангалттай байж чадаж байна уу?
-Одоогийн байдлаар хоёрхон аймаг эрчим хүчний системд холбогдоогүй. Завхан, Говь-Алтай аймаг дизель станцтай. Энэ хоёр аймгийг эрчим хүчээр хангахын тулд Тайширын усан цахилгаан станц байгуулсан ч дулаарлаас үүдэлтэй усаа хуримтлуулж чадахгүйд хүрчихээд байна. Тиймээс Дөргөний усан цахилгаан станц болон ОХУ-аас эрчим хүчээр хангаж байгаа. Дорнод, Өмнөговь, Дархан-Уул аймгууд цахилгаан станцтай. Бусад аймагт цахилгаан станц байгуулъя гэсэн ч хэрэглээ бага учир дээр өгүүлсэн шиг цахилгааны илүүдэл үүсэх магадлалтай.
-Эрчим хүчний хүрэлцээ муу байна гээд байгаа хэдий ч шөнийн цагаар цахилгаанаа ОХУ руу үнэ төлбөргүй гаргачихдаг гэх юм. Түүнийг ашиглах боломж байдаггүй юм уу?
-Эрчим хүчний технологи маш нарийн шүү дээ. Энгийн жишээгээр тайлбарлая. Гал дээр тогоотой хоол тавьчихаад галыг нь өрдөөд л байвал шөл нь ширгэнээ дээ. Хоолоо түлчихгүйн тулд бид мод түлэхээ зогсоодог бол цахилгаан станцыг хэрэгтэй үед нь ажиллуулаад, хэрэгцээгүй үед нь зогсоочихож болдоггүй. Тиймээс цахилгааныг өдөр шөнө ялгаагүй үйлдвэрлэж л байдаг. Шөнийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор үнэ тарифыг 50 хувь бууруулсан хэдий ч одоогоор Эрдэнэт УБҮ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс өөр үйлдвэр шөнийн цагаар ажиллахгүй байна. Тиймээс бид ОХУ руу нэг квт цахилгааныг 30 төгрөгөөр илгээж байгаа. Манайхан бараг албадан өгч байгаа гэх үү дээ. Түүнээс ОХУ манайхаас авахгүйгээр эрчим хүчээ хангаж чадна.
Д.ЦЭЭПИЛМАА