Хятадад эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авсан хэргээр 14 генералын хэргийг мөрдөн байцааж байна гэж The South China Morning Post сонин мэдээлэв. Даваа гаригт авлигын хэрэгтнүүдийн жагсаалтыг арми нийтэлжээ.
Тэдний дунд Хятадын Цэргийн зөвлөлийн орлогч дарга бөгөөд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн асан хурандаа генерал Го Босюний нэр байлаа. Чэжяны цэргийн тойргийн орлогч даргаар нэр дэвшиж байсан 45 настай Го Чэнганийг “хуулийг ноцтой зөрчсөн” гэж буруутгасан байна. Шинжээчид авлигын хэрэгт одоо Го Босюнь лавтайяа шийтгэгдэх боллоо гэж дүгнэв. Цэргийн зөвлөлийн орлогч дарга асан Сюй Цайхоу өнгөрсөн жилийн гуравдугаар сард баривчлагдан шүүгдэхээр болж байгаа юм. Энэ удаагийн жагсаалтад Цэргийн зөвлөлийн гишүүний хоёр туслах Ван Айго, Чу Хэпинь нар бас хамрагдсан байна.
Хубэй мужийн цэргийн тойргийн орлогч дарга Лянь Вэйце авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР