Б.Хурцын асуудлаар мэдэгдэл хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Б.Хурцын асуудлаар мэдэгдэл хүргүүлэв

Английн Лондон хотод  хоригдож буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  ажлын албаны дарга Б.Хурцыг суллахыг шаардан түүний ар гэрийнхэн найз нөхөд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гурав дахь удаагаа жагслаа. Тэд хоёр удаа Английн элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулж  байсан бол өнөөдөр Гадаад харилцааны яамны гадна жагсч байна. Өглөө 11.00 цагийн үед Б.Хурцыг суллах хөдөлгөөний хуулийн зөвлөх, төлөөллүүд Гадаад харилцааны яаманд “Б.Хурцыг баривчилсан нь зохион байгуулалттай хууль бус үйлдэл” гэсэн утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна. Одоогоор жагсагчид  ГХЯ-ны гадаа мэдэгдлийн хариугаа хүлээн зогссоор байна.

Тэд энэхүү мэдэгдлээ Английн гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Жереми Браун Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан, түүнд хаяглан, ГХЯ-аар дамжуулан хүргэхийг хүссэн аж.

Түүнчлэн Б.Хурцыг өмгөөлж буй төрийн бус байгууллагынхан ирэх сарын 20, 21-нд болох шүүх хуралд Их Британиас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Уиллиам Диксоныг буруутгах үндэслэл бүхий баримт материалыг дэлгэхээр зэхэж байгаагаа хэвлэлийнхэнд хэлэв. Тэд Монгол Улсын өндөр албан тушаалтныг Их Британи улсад урхидан аваачиж, баривчилсан хэмээн Английн Элчин сайд асан Диксоныг буруутгаж байгаа аж.

ГХЯ-ны гадна жагсаал хийж байгаа Б.Хурцын суллах хөдөлгөөний төлөөллөөс цөөн асуултад хариулт авлаа. /Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм/

-Б.Хурцыг Элчин сайд Диксон Англи улсад урхидан авчирсан гэж үзэх үндэслэл юу байна?

-Элчин сайд Диксон виз олгосныхоо дараа ҮАБЗ рүү холбогдож, “Танай хүн хэзээ явах гэж байна вэ?” гэж асуусан байдаг. Гэтэл онгоцонд суугаад ниссэний дараа “Уучлаарай манай уулзалтууд цуцлагдлаа” гэж хэлсэн байсан. Энэ нь Б.Хурцыг анхнаасаа урхидаж, зохион байгуулалттай, хууль бусаар баривчилсан гэж үзэхэд хүргэж байна. 

-Б.Хурцын өмгөөлөгчийн зүгээс энэ тал дээр тодорхой баримт гаргаж тавих уу?

-Б.Хурцын хэрэгт шинэ өмгөөлөгч нэмж авсан байгаа. Өмгөөлөгчийн хэлснээр бол Английн Гадаад хэргийн яам том алдаа хийсэн болохыг нотлох баримт байгаа гэсэн.

ГХЯ-аар дамжуулан Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд  Жереми Браунд өнөөдөр хүргүүлсэн мэдэгдэл:

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд  Жереми Браун танаа

Бид 2011 оны хоёрдугаар сарын 23, тавдугаар сарын 12-ны өдрүүдэд  Монгол дахь Англи улсын Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлж байсан билээ. Энэхүү шаардлагадаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчлан саатуулсан Англи  Улсын Засгийн газрын үйл ажиллагааг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Одоо ч бид  дээрх  үйл явдлыг зохион байгуулсан Их Британийн гадаад хэрэг хамтын нөхөрлөлийн яам, тэр тусмаа эрхэмсэг хатан хааны элч төлөөлөгч, элчин сайд ноён Диксоны үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин илэрхийлж байна. Бидний зүгээс Б.Хурцыг хууль бусаар баривчлан саатуулсан 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи үйл явдлыг   тэвчээртэйгээр ажиглаж байгаа хэдий ч Монгол Улсын өндөр албан тушаалтны дипломат эрх ямбыг үл хүндэтгэсэн  баривчилсан  Англи улс нь  Монгол Улсын төрт ёсыг басамжлан дорд үзсэн үйлдэл хэмээн үзэж байгаа билээ. Англи улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уллиам Диксон нь Их Британийн хатан хааны жуух бичгээ Монгол Улсын төрийн тэргүүнд өргөн барьсан бөгөөд түүнд нь  хоёр орны эв найрамдалт харилцаа, итгэл ойлголцлыг үргэлжлүүлнэ гэсэн байсан  хэрнээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга  буюу өөрөөр хэлбэл Монгол Улсын нууц тээгч хүнийг урхидан Англид авчирч баривчлуулсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэрэгтэй адил тул манай хоёр орны, ялангуяа жирийн иргэдийн хоорондын найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байна. Шударгаар шийдвэрлэхгүй  өнөөг хүрсэн энэ асуудлыг бид цаашид тэвчээр, хүлээцтэй ажиглаад байх бус  үл эвлэрэн тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид Б.Хурцыг суллагдах хүртэл тэмцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл  Англи улсын  аж ахуйн нэгж, албан  хаагч иргэдийг монголоос гаргах шаардлагыг Монгол Улсын  Засгийн газарт тавих болно.

Иргэдийн шударга шүүх ТББ

Улс төр менежментийн академи

Чингисийн монголын залуучуудын холбоо

Өөдрөг монгол ТББ

Эмэгтэйчүүд манлайлал сан

Монголын чөлөөт хуульч өмгөөлөгчдийн холбоо

Хүний эрх судлалын академи

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж