-Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Б.Наранбаатар ажлаа хүлээлгэж өглөө-
Спорт, эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба тушаал гаргаж, тус яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв /хуучнаар Спортын бэлтгэлийн төв/-ийн дарга, Гавьяат тамирчин Б.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Пүрэвдагвын Бат-Эрдэнийг томиллоо. Өнөөдөр өглөө П.Бат-Эрдэнэ ажил хүлээлцлээ. Спортынхны ярих нь, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ерөнхий нягтлан бодогч, спортын салбарт, тэр дундаа энэ байгууллагад хорь гаруй жил ажиллаж байгаа жолоочийг гээд цөөнгүй хүнийг ажлаас чөлөөлөхөө мэдэгдээд байгаа бололтой.
Спортын төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, шигшээ баг, нийтийн биеийн тамирын судсыг атгасан төв байгууллагад ирж байгаа шинэ дарга спортын салбарт ажиллаж байсан туршлагагүй. Хашиж байсан албан тушаалын хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан гэх бөгөөд МАХН-ын угшилтай нэгэн ажээ.
Спортын салбарыг заавал спортын туршлага, мэдлэгтэй хүн удирдах алба, шахалт байхгүй. Мөн өнөөдөр дөнгөж албан өрөөгөө хүлээн авч байгаа хүнээс амлалт нэхэх нь ч зохисгүй. Гэхдээ энэ томилгоо спортынхны нүдэн дээр хийгдэж байгаа их хариуцлага үүрсэн сэлгээ байх нь гарцаагүй.
Биеийн тамир, спортын хөгжлийн төв бол Монгол Улсын үндэсний шигшээ баг, Нийтийн биеийн тамир, Спортын анагаах ухаан, Эрдэм шинжилгээ, судалгааны багийг харьяалдаг их спортын зүрх нь болсон газар. Энд ямар ажил, ямар бодлого тарихаас спортын амжилт цэцэглэж ургадаг хариуцлагатай байгууллага.
Төрийн албаны томилгоо, халаа сэлгээ засаг бужигнаж, нам, сайд солигдохын хирээр илүү идэвхжиж байгаа ч МАХН-ын гишүүн сайд болсноороо заавал намын нэг нөхрөө даргын суудалд залж, спортыг улстөржүүлэх нь бохир харагдаж байна.
2015 он бол олимпийн эрх авах чухал жил. 2016 он тэрнээс ч чухал жил. Олимпийн жил. Дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилдэг олимпийн бэлтгэл сургуулилт өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тодорхой чиглэл, менежмент, бодлого дор зангидагдсан байгаа. Шигшээ баг, тамирчин, дасгалжуулагчид, эрдэм шинжилгээ судалгааныхан ид гар нийлэн ажиллаж байсан үе. Гэтэл олимп хаяанд ирсэн ийм эгзэгтэй цаг үед спортын удирдлагыг өөрчилж байгаа нь багагүй эрсдэлтэй алхам. Магадгүй, удирдлагын араас бэлтгэлийн төв, шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүнд элдэв өөрчлөлт хийх вий гэх болгоомжлол энэ томилгоотой зэрэгцэн төрж байна.
Спорт, эрүүл мэнд хоёр бол хэн дуртай нь халаа сэлгээ хийж, намын нөхдөө дайлж, цайлдаг бялуу хүртэгсдийн “дэн буудал” биш шүү.
Хамгийн харамсалтай нь, энэ мэтээр спортыг улс төрийн томилгоо болгон хувиргахад, нэг намын сайд гарч ирээд, дуртай хүнээ гараа хүрэх газарт тохоон томилдог болгоход спортынхон өөрсдөө багагүй үүрэг гүйцэтгэж байгаа тал бий. Эрүүл мэнд, спортын яам шинээр байгуулагдахад, тэнд ажиллаж байсан газрын албатуудаас эхлээд, энд ажилгүй гүйж явсан хүмүүс, тэр байтугай мөр зэрэгцэн ажиллаж асан нөхөд нь хүртэл спортын удирдлагуудынхаа араас хутга байтугайг шидсэн. Тэрний гор гарч, МАХН-ын шинэ сайд Г.Шийлэгдамба их зарга өдүүлсэн спортынхны толгой дээр спортын бус хүн тавьж, санааг нь амраалаа.
Энэ бүхний ард маргаашийн олимпийг хүлээж суугаа олон олон Түвшинбаяр, Бадар-Ууганууд хохирох магадлалтай байдаг нь хамгийн харамсалтай. Эгэл тамирчин, дасгалжуулагчдын нуруун дээр тогтдог Монголын спорт намын дор оршиж байгаа нь бүр туйлын харамсалтай байна.
Спортын шинэ хүнд амжилт хүсье.
Б.БАЯСАХ