Казахстанчууд сонгуулийг хямралын эсрэг хөтөлбөрийн нэг хэсэг гэж харж байна, харин бид…
Эрх баригчид хямралыг гэтэлгэх гэж энд тэндээс мөнгө бадарчилж, хууль эрхзүйн орчноо хөрөнгө оруулагчдад таатай болгон шинэчилж байгаа билээ. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан, түүхийн дурсгалт газар ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон, татварын хэрэгт орооцолдсон гадныханд найр тавьсан гээд ерөнхийдөө гадныхан л биднийг аварна гэсэн философиор асуудалд хандаж байна.
Уул уурхайн “тэсрэлт” болж байх үед хуримтлуулсан жаахан юмаараа популизм хийж, гурил будаанаас өгчихсөн улс өөр яах ч билээ. Харин гадныхан тэгж тэнэгтдэггүй юм байна. Гадныхан гээд л хаа хамаагүй өндөр хөгжсөн Америк, Европыг жишээлэх гэсэнгүй. Хажууд байгаа Казахстан улсын эрх баригчдын хийж буй эдийн засаг, улс төрийн шийдэл, арга барил бидэндээ л хангалттай үлгэр жишээ болохоор байна.
Казахстан улс 1991 онд тусгаар тогтнох хүртлээ Монголтой л адил, ЗХУ-аас эдийн засгийн хамааралтай байсан. Коммунизмын жилүүдэд Монголыг ЗХУ-ын “мал аж ахуйн бааз”, Казахстаныг “Газар тариалангийн бааз” гэж нэрлэдэг байв. Монгол таван хошуу малын махаараа, Казахстан тариа будаагаараа холбоот улсыг хангадаг байснаас тэр. ЗХУ салан бутарсны дараа Казахстан гэлтгүй, бүрэлдэхүүнд нь байсан бусад станууд, ОХУ ч хүнд хэцүү байдалд орсныг бүгд мэдэж байгаа.
Манай улс ч тэр замыг тойроогүй. Мөр, мөрөө хөөх болсноос хойш Монгол, Казахстаны явж ирсэн замнал нь маш төстэй. Газар тариалан, мал аж ахуй гэсэн салбар уналтад орсон ч урьдын адил улс орны эдийн засгийн тэргүүлэгч салбар хэвээрээ байсан. Харин ашигт малтмалын салбар гэсэн шинэ “тулгуур” гарч ирснээс хойш эдийн засаг нь эрчимтэй өсч эхэлсэн байдаг.
10 гаруй триллион ам.доллараар үнэлэгдэх 5000 гаруй ашигт малтмалын орд Казахстанаас илрээд байгаа бөгөөд цайр, вольфрам, баритын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, мөнгө, тугалга, хромын нөөцөөр хоёрдугаарт, зэс, флюоритоор гуравдугаарт, молибденоор дөрөвдүгээрт, алтны нөөцөөр зургадугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Хэдийгээр ийм их ордтой ч эд бүгд Казахстаны экспортын гол бүтээгдэхүүн биш.
Жилд 80 сая тонн нефть, байгалийн хий олборлодог нь орлогынх нь гол эх сурвалж. Байгалийн баялгаа ашиглах тал дээр гадны улс орнуудтай хамтрах ажлыг Н.Назарбаев маш шуурхай зохион байгуулсан бөгөөд тусгаар тогтносон эхний жилдээ л 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан үзүүлэлтэд ТУХН-ын бусад орнууд дөхөж ч очоогүй юм. 1991 онд 700 ам.доллартай тэнцэж байсан ДНБ-ий хэмжээ эдүгээ 13.5 мянган ам.долларт хүрсэн нь Сингапур, Бразил зэрэг эдийн засгаа огцом өсгөж чадсаны жишээ болон яригддаг улсуудтай зэрэгцсэн гэсэн үг юм.
Хэдийгээр их мөнгө орж ирж байсан ч казахстанчууд популизм хийгээгүй. Монголчууд алтны 68 хувийн татвар, бусад таатай нөхцлийн улмаас хуримтлуулсан хөрөнгөө бүгдийг нь иргэддээ чимх, чимхээр тарааж, улмаар одоо гуйлгачин болоход тулаад байгаа. Иргэдэд бэлэн мөнгө өгөх ажлыг хэрэгжүүлсэн улс орнууд нь ихэвчлэн ядуу орнууд байдаг бөгөөд улстөрчид нь дээрх нүүдлээ гадны хатгаасаар хийсэн байдаг.
Монгол ч энэ жишгээс зөрөөгүй нь лавтай. Харин Казахстан хоёр жилийн өмнө л нефтийн томоохон ордуудаас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх талаар ярьж эхэлсэн. Гэхдээ энэ нь бэлэглэх биш, харин хөрөнгө оруулах замаар хувьцаа эзэмшүүлэх боломжийг нээж өгч байлаа. Тухайлбал, “КазТрансОйл” ХК нэг бүр нь 725 тенгегийн үнэтэй хувьцаа гаргаж байв. Манай “Эрдэнэс Монгол” компанийн Казах хувилбар гэж хэлж болох “Самрук Казын” нэртэй сангаас энэ IPO-г хийж, дараа нь иргэдэд хувьцаа болгон эзэмшүүлсэн.
Гэхдээ бэлэглээгүй, зарсан. Харин жирийн иргэн худалдаж авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс хувьцааны тоо ширхгийг олшруулан үнийг нь багаар тогтоосон байдаг. Үүгээрээ Монголоос ялгагдана. Уул уурхайгаасаа орж ирсэн орлогыг тэд Үндэсний сан хэмээх санд хадгалж, хүнд хэцүү үед хэрэглэхээр нөөцөлж байсан. Төв банк нь 2012 онд 85 тэрбум ам.доллараар үнэлэгдэх цэвэр алтны нөөцтэй байсан бөгөөд үүний 50 тэрбумыг нь Үндэсний сан руугаа оруулсан байх жишээтэй.
Одоо хүнд хэцүү цаг үе ирлээ гэхэд сангаасаа мөнгө гаргаж эхэлж байна. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев өнгөрсөн жил улс орныхоо цаашдын 30 жилийг тодорхойлсон хөгжлийн хөтөлбөр боловсруулснаа зарласан. “Казахстан 2050”, “Нурлы Жол” буюу “Гэрэлт зам” гэх зэргээр нэрлэгдэж байгаа энэхүү шинэ бодлогын гол цөм нь дэд бүтцийн маш өргөн сүлжээг барьж байгуулах зорилт байх болно гэдгийг тэрбээр онцолсон.
Хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх замаар иргэдээ ажилтай орлоготой байлгаж, улмаар хямралыг эсэн мэнд давах ухаан эндээс харагдана. Эдийн засаг нь тогтвортой улс улс төрийн хямралд орно гэж бараг л үгүй. Харин эдийн засгийн хямрал, улс төрийн хямрал хоёр гэрэл сүүдэр хоёр шиг хамтдаа явдаг.
Монголчууд хүмүүс зэрлэгшиж байна, хүний санаанд оромгүй хэрэг үйлдэж байна, хүний мөс чанар мууджээ гээд элэг нэгтнүүдээ хараан зүхэж байна. Архидалт, далд эдийн засаг, баян хоосны ялгаа энэ бүхэн үнэн хэрэгтээ эдийн засгийн байдлаас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Хэрвээ хангалттай цалин авдаг, амьдрал нь хангалуун бол хулгай хийх шаардлага байна уу. Ажлын байртай байсан бол эрчүүд архи ууж, амьдралд хорсон агсам согтуу тавих уу. Ийм асуултыг эрх баригчдад тавимаар байгаа юм.
Монголын улстөрчид эрх мэдэлтэйгээ зууралддаг, нэг хоног ч болтугай албан тушаал дээрээ үлдэхийг хүсдэг. 2012 оны есдүгээр сард явагдах байсан орон нутгийн сонгуулийн хугацааг зургадугаар сард, Парламентын сонгуультай хамтатгах шийдвэр гарахад орон нутгийн дарга нар “Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж хуульд заасан байхад гурван сараар хасаад хаячихлаа шүү дээ, тамга тэмдгээ өгөхгүй.
2008 оны зургадугаар сард ажлаа авсан, 2012 оны есдүгээр сард л өгнө” хэмээн бөөн юм болж байсныг санаж байна. Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев бүрэн эрхийн хугацаагаа нэг жилээр наашлуулж, 2016 онд явагдах байсан сонгуулийг энэ жил явуулах санал гаргаж, ард иргэд нь хүлээн зөвшөөрлөө. Энэ шийдлийг дэмжигчдийн нэг, Ардын их хурлын дэд дарга А.Башмаков нь ээлжит бусаар сонгуульдах болсон үндэслэлээ “Хуулийн дагуу явах юм бол бид 2016 онд хоёр сонгууль зохион байгуулах ёстой.
Гэвч дэлхийн эдийн засгийн байдал, цаашид биднээс хамааралгүй өрнөх нүүдлүүдийг тооцож, түүнд яавал хамгийн сайн дасан зохицох боломжийн талаар сайтар эргэцүүлбэл 2016 онд сонгууль хийх нь ашигтай биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоо эрх баригчид бүгд айсуй эдийн засгийн хямралын өмнө ямар бодлого барих вэ, хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна.
Хэрвээ 2016 онд сонгууль явагдаж, Ерөнхийлөгч болон парламент шинэчлэгдвэл байдалтай маш хурдан дасан зохицож шийдвэр гаргахад хүнд байх болно. Өөрөөр хэлбэл, бид л хугацаа алдана. Тиймээс сонгуулийг нэг жилээр наашлуулж, дэлхий жинхэнэ утгаараа хямарч эхлэхээс өмнө засаглалаа бэхжүүлээд авах нь зөв зүйтэй алхам юм” хэмээн тайлбарлажээ. Эдийн засаг хямарч байхад сонгуульдах нь ямар ашиг байх билээ.
Харин ч улс төрийн хямрал залгах нөхцөл болж болох талтай. Казахстанчууд энэ учрыг ойлгож байгаа учраас ээлжит бус сонгууль явуулахыг зөвшөөрч, Н.Назарбаев ирэх дөрөвдүгээр сард сонгууль явуулах тов гаргалаа. Дэлхийн эдийн засгийн хямралын хамгийн хүнд давалгаа 2016 онд болно гэж шинжээчид дүгнэж байгаа. Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж, цаашдаа чухам юу ч болж өрнөхийг хэн ч таашгүй байдалд байгааг бүгд хүлээн зөвшөөрч буй.
Харин сонгуулийг наана нь зохион байгуулснаараа Казахстан улс хямралын үед адаглаад төр солигдох “зовлон” эдлэхгүй нь. Монголд Парламент солигдсоны дараа гишүүд ажлаа мэдэхгүй, дэгээ ч ойлгохгүй, ажлын ачаалал, ордны хонгилд төөрч, нэг хэсэг юм болдог. Намууд асуудлаа олйгохгүй байн, байн завсарлага авч, яам тамгын газар шинэковуудаар дүүрэн ажил явж өгдөггүйн “зовлон” гэж байгаа юм. Казахстан Ерөнхийлөгчийн засаглалтай улс учир одоо сонгуулиа хийгээд авчихвал тэр “зовлон”-гоос гэтэллээ л гэсэн үг юм.
Монголчууд казах нөхдөөс санаа авч, ядаж улстөржихөө багасгамаар байна. Тэгээд болж өгвөл дөрвөн жил тутамд сонгуульдаж баахан мөнгө үрдгээ ч бодолцож үзмээр санагдана. Орон нутгийн сонгуулийг Парламентын сонгуультай нэгтгэснээр багагүй мөнгө хэмнэж туршлагажсан. Цаашдаа алсыг харсан бодлого явуулж, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болчихвол бас л их мөнгө хэмнэнэ. Дээр дооргүй улстөржиж, нэг, нэгнээ газар дор ортол муулдаг нь нэгээр ч болов багасах юм даа.
Сонгуулийг наашлуулах эсэх санал асуулгад казахчуудын 57 хувь нь зөвшөөрсөн санал өгсөн. Тэд сонгуулийг хямралыг гэтэлгэх төлөвлөгөөний нэг хэсэг гэж харж байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд явах замаа харж байна, эрх баригчид нь ийм замаар явна гэдгээ хэлээд өгчихөж байна. Харин монголчууд эрх баригчид нь яах гээд, юу хийх гээд байгааг мэдэх боломж алга. Бидний хамгийн том эмгнэл энэ ч байж мэднэ.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn