Борис Немцовийг хөнөөх хэнд ашиггүй вэ

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Борис Немцовийг хөнөөх хэнд ашиггүй вэ

 

-Москвагийн төв Кремлийн ойролцоо Оросын улс төрийн зүтгэлтэн, сөрөг хүчний лидерүүдийн нэг Борис Немцов алагдлаа-

 

ОХУ-ын сөрөг хүчний лидерүүдийн нэг Борис Немцов хоёрдугаар сарын 27-28-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдлаа. Түүнийг гэртээ харьж явах замд нь үл таних этгээд ар талаас нь дөрвөн удаа буудаж амийг нь хөнөөсөн байна. Газрын тосны үнэ болон рублийн ханш унасан, АНУ болон Европын холбооны зүгээс тавьсан хориг арга хэмжээний улмаас уналтанд ороод байгаа эдийн засгийн байдал болон хэдий одоогоор намжаад байгаа ч хэзээ л бол дэлбэрэхэд бэлэн Украины иргэний дайн гээд олон асуудалтай давхцан энэ аллага боллоо. Ёстой л гал дээр тос асгах гэдэгтэй зүйрлэж болохоор байна. Түүнийг хөнөөсөн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж болох ч эцсийн дүндээ ОХУ-ын тогтвортой байдал болон төр иргэдийн хоорондох итгэлцлийг алдагдуулах улс төрийн шалтгаантай болов уу гэж таамаглаж байна.

 

 

Давхар хохирогч

 

Мэдээж улс төрийн шинжтэй, ихээхэн сөрөг үр дагавар дагуулж мэдэх хэргийн учир шалтгааныг олоход амар биш. Ихэвчлэн иймэрхүү аллагын дараа энэ нь хэнд ашигтай байж болох вэ гэдэг асуултыг хүн бүр тавьдаг. Гэхдээ энэ удаад Б.Немцовын амийг егүүтгэх нь хэнд ашиггүй байдлаар тусах вэ гэдгийг тодруулах ёстой болов уу. Хэрвээ ОХУ-ын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг ажвал Б.Немцовын аллага одоогийн эрх баригчид, бүр тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд тун ашиггүй байхаар харагдаж байна.

 

Хэдий сөрөг хүчний удирдагчдын нэг ч гэсэн Б.Немцов “амьдаараа“ одоогийн эрх баригчдад хэрэгтэй байсан. Дээрээс түүний амь насанд халдах, тэр тусмаа Кремлиэс хэдхэн алхмын зайтай газар, сөрөг хүчний зүгээс гуравдугаар сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан цуглааны өмнөхөн, гэрч үлдээн түүнийг хороох шалтгааныг огтхон ч олж харахгүй байна. Тэгээд ч сөрөг хүчний хүчтэй шүүмжлэл, эдийн засгийн хямралаас үл хамааран сүүлийн нэг жилийн турш В.Путин хүн амын доод тал нь 80 хувийн дэмжлэгийг авч байгаа.

 

Өмнө нь олонтаа үйлдэгдэж байсан, шийдэгдээгүй улс төрийн шинжтэй аллагын жагсаалтанд Немцовын нэрийг нэмж оруулах нь Кремлийн удирдагчид бас л ашиггүй. Зохион байгуулагч болон гүйцэтгэгчид нь олдоогүй “эзэн биегүй“ хэрэг /жишээ нь, сэтгүүлч Анна Политковская/ олшрох тусам оросуудын зүгээс ерөнхийлөгчдөө итгэх итгэл буурах өндөр магадлалтай.

 

Хаана сөрөг хүчин дуусч, хаанаас “тавдугаар колони“ эхэлдэг талаар тодорхой ойлголт өгөхөд хэцүү. В.Путин.

 

В.Путин хэвлэлийн бага хурлын үеэр “тавдугаар колони“ буюу урвагчдын талаарх сурвалжлагчийн асуултад тодорхой хариулт өгсөн нь одоог хүртэл түүний хийсэн хамгийн том алдаа болов уу. Магадгүй тэрбээр Оросын сөрөг хүчин засгийн эрх баригчдыг шүүмжлэхийн зэрэгцээ эх оронч, үндэсний эрх ашгийг юунаас өмнө тавьдаг байх ёстойг сануулж хэлсэн байх. Гэхдээ одоо нэгэнт оройтсон. Түүний хэлсэн энэ санааг өнөөдөр яаж ч тайлбарлаж болох нөхцөл бүрдээд байна. Хэргийн буруутан олдлоо.

 

Яагаад заавал Б.Немцов гэж

 

Оросын сөрөг хүчин олон лидертэй. Тэдний нэг нь Б.Немцов байсан. Бусдаасаа илүү тодорч гарсан, дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд В.Путинтэй өрсөлдөх боломжтой тийм лидер байгаагүй нь бодит үнэн. Гэхдээ сүүлийн хэдэн сард түүний хэлсэн үг, хийсэн үйлдлүүд бусдаасаа ихээхэн ялгарч байгаа юм.

 

Францын Charlie Hebdo сэтгүүлийн сэтгүүлчдийг егүүтгэсэн халдлагын дараа Б.Немцов “би ч бас Charlie “ хэмээн өөрийн санаа бодлоо илэрхийлж байсан билээ. Энэ нь ОХУ-ын үндэстний цөөнх, их зөнч Мухамедийг доромжилсонд ихэд эгдүүцсэн чечень болон бусад лалын сүсэгтнүүдэд огтхон ч таалагдаагүй нь үнэн. Тийм ч учраас тэрбээр сүүлийн үед олон сүрдүүлэг, заналхийлэл хүлээж аваад байсан юм.

 

ОХУ болон Украины хооронд гүүр болж байсан Б.Немцов алуурчны гарт амиа алдлаа. Би үүнийг санамсаргүй хэрэг гэж үзэхгүй байна. П.Порощенко.

 

Б.Немцов Украины хямралын талаар ОХУ-ын эрх баригчдын баримталж буй байр суурийг хүчтэй шүүмжилж байсан юм. Тэрээр халдлагаас гурван цагийн өмнө “Эхо Москвы” радиод ярилцлага өгөхдөө “маргааш болох цуглаан дээр Украинд болж байгаа дайныг үтэр түргэн зогсоохыг Путинээс шаардана. Энэ дайнаас болж бидний эсрэг хориг тавьсан. Оросын хөрөнгө гадагшаа зугатан гарч байна“ гэж мэдэгдсэн билээ.

 

2011 онд зөвшөөрөлгүй газар цуглаан хийсэн шалтгаанаар хоригдоод суллагдсаныхаа дараахан өгсөн ярилцлагадаа “Путин надаас айж байгаа учраас миний амыг барихыг оролдож байна“ эсвэл “Ээж маань Путин миний амийг хороох вий гэж байнга санаа зовдог“ талаар хэлж байсан.

 

Тэгэхлээр Оросын нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан буруутан аль хэдийн олдсон. Гэхдээ ийм том зорилгыг гүйцэлдүүлэхэд том хүнийг золигт гаргах ёстой. Тэр том хүнийг олоход тийм ч хэцүү байгаагүй болов уу. Энэ нь Б.Немцов. Түүнийг золиос болгох бүх нөхцөл дээр дурдсанчлан төгс бүрдсэн, эсвэл нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Мэдээж ийм төрлийн хэргийг гүйцэтгэгчид, зохион байгуулагчид болон захиалагчид нь олдохгүй байхаар бодож, төлөвлөж хийдэг. Магадгүй хэсэг хугацааны дараа хэргийг гардан гүйцэтгэсэн улсууд олдож болох юм. Их л цаг хугацаа, хөрөнгө хүч орох байх даа. Алуурчид олдлоо ч гэсэн захиалагчид нь энэ аллагаар дамжуулан хүрэх гэсэн зорилгодоо ойртож очих болов уу. Тэдний зорилгодоо амархан хүрэх эсэх нь зөвхөн оросуудаас, тэдний энэ асуудалд яаж хандахаас шууд хамаарна.

 

А.АРВИН

 

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж