Баавгай догшин ч бамбаруушдаа номхон

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Баавгай догшин ч бамбаруушдаа номхон

-Хүчирхийлэлд өртөн амь насаа алдаж буй бяцхан ханхүү, гүнжүүдэд аав ээжийгээ сонгож төрөх боломж байдагсан бол алуурчдыг бус амь шигээ хайрлах аав ээжийг, хүүхэдтэй болохсон гэсэн мөрөөдлөөр өдөр сарыг элээж буй хосуудыг олж сонгох байсан даа-

Нийгмийн бүхэлд нь цочроож, хүн бүрийг зүрхийг шимшрүүлсэн аймшигт хэрэг хоёрдугаар сарын 17 буюу битүүний урд өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарчээ. Гадны нөлөөтэй гэмтэж бэртсэн бяцхан охиныг төрсөн эцэг, хойд ээж хоёр нь Гэмтэл согог судлалын үндэсний төв ГССҮТ-д үзүүлсэн ч тархины гэмтэлтэй байна, томограпп аппаратад харуулах шаардлагатай гэх сургаар “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гэсэн өргөдөл бичээд аваад явжээ. Харин маргааш нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс ГССҮТ-д охиныг үзүүлэх яаралтай дуудлага өгсөн байдаг. “Охин тархиндаа хүнд гэмтэлтэй, гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж дүүргийн эмч нар таамагласан нь батлагдаж, охин ГССҮТ рүү дахин хүргэгдэж, хагалгаанд орсон ч дахин босч ирсэнгүй. Бүх хүмүүс баярлаж цэнгэж байсан цагаан сарын өдрүүдэд дөрөвхөн настай балчир охин үхэл амьдралын дэнсэн дээр тарчилж байжээ. Охин хоёрдугаар сарын 21-ний өдөр хорвоогоос буцжээ. Дөрөвхөн насанд баймгүй тэвчээрээр үхэлтэй дөрвөн хоног тэмцсэн ч түүнийг аварч чадсангүй. Түүний эцэг Цогт, хойд ээж Марал нарыг эл хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Энэхүү зүрх өвтгөсөн мэдээллээс үүдэн хэд хэдэн асуудлыг хөндөн тавихаас аргагүй нь.

 


Нэгэн зүйл. ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ ҮНЭН ҮҮ?

Хэрэг гарсан эхний өдрүүдэд хөөрхий охиныг бэлгийн хүчирхийлэлд автсан байж болзошгүй гэх мэдээлэл тархсан. Үүнийг сонссон хүн бүр “арай ч үгүй байлгүй дээ” хэмээн итгэж ядсан. Шинжээчийн анхны дүгнэлт гарч охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэдгийг мэдээлсэн. Энэ мэдээлэлд хэн бүхэн итгэхийг хүсч байгаа ч эргэлзэж буй нь цөөнгүй. Шинжээч залууг нэг хэргээс ч болов мултлах бодол мэргэжил нэгтнүүдэд төрөхгүй гэх аргагүй. Мэргэжлийн нэр хүнд гэхээсээ илүү танилын нүүр халуун, урд өмнөх өгөө аваа гээд дүгнэлтийг хуурамч гаргах магадлал бий. Тиймээс дүгнэлтийг хөндлөнгийн хүмүүсээр гаргах учиртай байсан болов уу. Муугаар бодоход хөөрхий охин зодуураас биш ужиг хууч өвчин нь сэдрээд өнгөрчээ гэж дүгнэх вий дээ.

 


Нэгэн зүйл. ЭМЧИЙН ЁС ЗҮЙ ХААНА БАЙНА?

Охиныг хамгийн түрүүн ГССҮТ-д үзүүлсэн, үзлэгээр охин хүнд гэмтэлтэй нь илт байсаар атал хүлээн авахын эмч нар аав ээжийнх нь ам өчиг, гарын үсэг төдийгөөр буцаасан нь анхаарал татаж байна. “Тэр өдөр охины аав ээж “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гээд өргөдөл бичээд аваад явсан байдаг. Тэр өргөдөл эмнэлгийн бүртгэл, архивт хадгалагдаж байгаа. ГССҮТ дээр ажилладаг хэрэг бүртгэгч нар бүртгэсэн. Чухам яагаад эмчилгээ хийх шаардлагатай гэж байхад хуулийн байгууллага явуулсан юм. Тэр бол бидний асуудал биш” гэсэн тайлбарыг ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан өгчээ. Охины амь нас дээсэн дөрөөн дээр байгааг гэмтлийн эмч нар бүү хэл асрагч нь хараад л мэднэ. Учир нь тэд ийм нөхцөл байдалтай түмэнтээ тулгарч байсан. Гэтэл яагаад охинд туслах хүнлэг сэтгэл гаргасангүй вэ? Эрүүл саруул хүнийг бэртээж гэмтээчихээд байхад өөрсдөө мэдэг гээд буцаасан эмчийн ёс зүй хаана гээгдсэн хэрэг вэ?! Өнөөдөр Монгол Улсад үхэх эрх хэрэгжиж эхлээгүй. Тартагтаа тултлаа өвчинд баригдсан байлаа ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй харж байгаад үхүүлэх эрх хэнд ч байдаггүй. Ялангуяа тангараг өргөсөн эмч хүнд бүр ч үгүй.

 


Нэгэн зүйл. БОСГООР ХЭМЖИГДДЭГ ХҮНИЙ ЭРХ

Ардчилсан хувьсгалыг хийж байх тэртээх 1999 онд Ардчилсан хувьсгалын удирдагч нар иргэдэд ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулахын тулд “Нэг хүний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлахыг ардчилал гэнэ” хэмээн хялбаршуулан тайлбарлаж байсан тэр үе одоо ард хоцорчээ. Одоо харин хүний эрхийн талаарх ойлголт илүү өргөн хүрээнд үйлчилдэг болсон. Харин манай уламжлалт дэг жаяг огт өөр. Хэн нэгний амьдрал руу өнгийхийг цээрлэж, босгоноос дотогших бусдад хамаагүй гэсэн үзэл давамгайлдаг. Тэр л жаягаар хөршүүд нь нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөжээ. Хөөрхий охин ганц удаа ч биш, удаа дараа зодуурт өртөж байсныг тэд мэдсэн, гэвч дуугүй өнгөрсөн. Хэлсэн шалтаг нь “Бид цагдаад хандахыг хүс­сэн. Гэвч аав нь өөрөө цагдаа шүү дээ”. Цагдааг цагдаа барихгүй, барьсан ч биднийг буцаад дарамтална гэсэн амь хадуу бодлоос энэ хэрэг даамжирсан.

 


Нэгэн зүйл. ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙНА УУ?

Хүүхдийг амар тайван, эрх дураар нь амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн цагтаа төрүүлж өсгөх үүрэгтэй гэдгийг албадан мэдрүүлдэг газар цөөнгүй. Европын улс орнуудад эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь хүүхдийн эрхийг мэдрүүлж эхэлдэг бөгөөд хүүхэд бүрийн тоогоор тусдаа өрөөтэй байх, сурч боловсрох боломжийг нь олгох, хооллож хувцаслах гээд эцэг эхийн бүхий л үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, зөрчигдсөн тохиолдолд эцэг эх байх эрхтэй нь ярьдаг хатуу журам бий. Тэр бүх ажлыг хүүхдийн байгууллагын ажилтнууд гүйцэтгэдэг. Гэтэл манай хүүхдийн байгууллагууд хаа нэг бэлэг гардуулж, концерт тоглуулах, утас ажиллуулах төдийгөөр амь зогоож байна. “Бидэнд хандсан бол туслах байсан” гэж өнгөрсөн хойно нь халаглахын оронд хүндээ, хүүхдэдээ хүрч ажилладаг тогтолцоог бий болгохсон. Хүний эрхийн байгууллага ч ялгаагүй, хэн нэгэн тусламж хүссэн үед л гар сунгахаас хэтрэхгүй. Сунгая гэвч гар нь хүрэхгүй балчирхан үрсийг хэрхэн хамгаалах талаар бодож болгоох цаг болсон юм биш үү.

 


Нэгэн зүйл. СОНГОЛТ

Хүүхэд өсгөх амаргүй. Уйлна, урвайна, эрхэлнэ, дээр нь өвдөж сандаргана. Хүүхдийн санаанд яаж оров оо гэхээр үг хэлж, үйл хийх нь хэний ч хүүхдэд байдаг л зүйл. Тэр болгоныг тэвчиж, туулж гарах зориг тэвчээрийг эх хүн хүүхдээ арван сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлж байхдаа олж авдаг гэж би хувьдаа боддог юм. Эх хүний энэ бүх жаргал, зовлонг амсаж үзээгүй залуу бүсгүйд хүний хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг барахгүй даваа байж болно. Гэвч хүний нялх үрийг тарчлаан, бүрэлгэснийг нь зөвтгөх шалтгаан огт биш юм. Марал гэгч бүсгүйд сонголт байсан. Нялх охиныг эхээс нь салгаж, эцэгтэй нь дотносохоосоо өмнө сонгох ёстой байсан. Хүний хүүхдийг өөрийнх мэт хайрлаж чадах эсэхээ сонгох ёстой байсан. Балчирхан охины эцгийн хувьд ч сонголтыг өөрөө л хийсэн. Амьдралын нугачаа давааг хамтдаа туулах хүч хангалттай бий эсэхийг сайтар бодож, сонголтоо зөв хийх ёстой байсан болов уу. Хэнтэй ханилах, хэзээ хүүхэд төрүүлэхээ сонгох боломж өнөө цагт хангалттай бий. Зөвхөн хүссэн үедээ л хүүхдээ төрүүлэх боломжийг ерээд оны ардчиллын он жилүүдтэй хамт эдэлж эхэлсэн. Гэтэл хөөрхий хүйн холбоотой ээжээс нь салгаж, эмэгчин араатны гарт тамлуулах, өмөөрсөндөө өөрөө хамт зодох эрхийг Цогтод хэн өгсөн бэ. Баавгай догшин ч бамбаруушдаа номхон гэдэггүй бил үү. Хүчирхийлэд өртөн амь насаа алдаж буй бяцхан ханхүү, гүнжүүдэд аав ээжийгээ сонгож төрөх боломж байдагсан бол алуурчдыг бус амь шигээ хайрлах аав ээжийг, хүүхэдтэй болохсон гэсэн мөрөөдлөөр өдөр сарыг элээж буй хосуудыг олж сонгох байсан даа.

 

Д.ЦЭЭПИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж