“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийж цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид хууль зөрчиж байгаа талаар баримт дэлгэж байгаа мэдэгдлээ.
Өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэргийн гэрчүүд тус хөдөлгөөнийхөнд ханджээ. Тодруулбал, дэлгүүрийн эзэн, сэжигтэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг борлуулагч сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсныг тэд мөн мэдээлсэн юм. Улмаар дээрх эмэгтэйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон тухай тэд ярилаа.
“Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үүнийг хүлээхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” гэж Б.Отгонцэцэг мэдээллээ.
“Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөн”-ий тэргүүн Х.Бат-Ялалт “Энэ асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, ХЭҮК, УЕПГ-т хандсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна” гэж мэдэгдэн энэ асуудалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.
Д.ЖАРГАЛ