Польш, Чехэд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд Европын нээлттэй тэмцээн болох "Europian Open" боллоо. Тус тэмцээнүүдэд манай жүдочид оролцож, нэг АЛТ, гурван ХҮРЭЛ медаль хүртжээ.
Польшийн Варшавт болсон эрэгтэйчүүдийн "Europian Open"-д 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Одбаяр түрүүлж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 38 орны 256 жүдоч хүч үзсэнээс манай таван бөх барилдсан юм.
Тэмцээнд 11 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНСУ-ын баг тамирчид гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж тэргүүлсэн бол Узбекстан (1+1+3), Польш (1+0+2), Монгол (1+0+1) улсын багууд II-IV байрт жагсав.
73 кг-ын жинд хүч үзсэн Г.Одбаяр эхний тойрогт Чехийн Яковыг цэвэр, улмаар Италийн М.Агустог торгуулиар ялж, Украины Артём, Туркийн Хасан нарыг цэвэр ялж, финалд үлдсэн. Тэрээр шигшээ барилдаанд БНСУ-ын Ч.Аныг иппоноор хожиж, алтан медаль хүртлээ. Түүний энэхүү алтан медаль манай жүдочдын 2009 оноос Олон улсын тэмцээнээс авч буй 100 дахь алтан медаль юм байна.
Мөн Чехийн Прагад болсон эмэгтэйчүүдийн "Europian Open"-д манай дөрвөн жүдоч зодоглосноос 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-д Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртэж, 63 кг-д Ц.Мөнхзаяа V, 70 кг-д Ц.Наранжаргал VII байр эзэллээ.
Тэмцээний фото ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР