Тамхигүй орчинд хүүхдүүдээ баярлуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Тамхигүй орчинд хүүхдүүдээ баярлуулна

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “АDRA Монгол” олон улсын байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төвд мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтээр тамхитай тэмцэх энэ өдрийн хүрээнд энэ жил “АDRA Монгол” олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Захирагчийн албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн боловсролыг газар тус тус ажиллаж байна. Өмнөх жилүүдэд эл өдрийн хүрээнд нэгдсэн журмаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ жил дүүргүүдэд чиглэсэн ажил зохиохоор болжээ. Дүүрэг тус бүр энэ өдөр тамхины иш түүж, устгах ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцсон байгууллага, хувь хүнийг урамшуулан шагнах юм байна. Мөн хүүхдүүдэд зориулан тамхины эсрэг ухуулга, сурталчилгаа явуулахаас гадна тамхины эсрэг гар зургийн уралдаан, “АХА” тэмцээнийг зохион байгуулж, ялагчдыг тодруулан урамшуулах гэнэ. Түүнчлэн тамхины хор хөнөөлийн талаар “АDRA Монгол” олон улсын байгууллагаас гаргасан найман төрлийн рекламыг кино театрууд, олон нийтийн байгууллагууд үнэ төлбөргүй иргэдэд хүргэхээр хамтран ажиллаж байгаа аж. Энэ жил тус ажлыг зөвхөн энэ сарын 31-нээр хязгаарлахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд олон нийтийн газар тамхи худалдаалахгүй, тамхигүй орчинд бяцхан үрсээ баяруулахыг уриаллаа. Дээрх хоёр өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт 180 байцаагч хяналт тавин ажиллах гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж