Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэгдэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно…” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, "Хууль зөрчсөн" гэх дүгнэлтийг гаргасан. Ингэснээр Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн давж заалдах шатны шүүх, дүүргийн зарим шүүх, захиргааны хэргийг анхан шатны зарим шүүхүүдийг татан буулгаж өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан дагнасан шүүхүүд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болох юм.
Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хэргийг иргэний, захиргааны, эрүүгийн төрлөөр ангилан дагнасан шүүгчид, дагнасан шүүхэд хянан хэлэлцэж эхэлсэн. Дагнасан буюу мэргэшсэн шүүгчид хэргийг хянан хэлэлцэж байгаад хохирогч, нэхэмжлэгч, шүүгчдэгч, гэрч гээд аль аль талаасаа таатай байгаагаа илэрхийлж байгаа.
Мөн манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуул буй 79 шүүхийн ерөнхий шүүгчдээс санал авахад шүүхийг дагнасан хэлбэрээр шүүх байгуулсныг дэмжиж, энэ хэвээр нь үлдээхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. "УИХ-ын хаврын чуулган эхлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдээд байна. Хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс хуулийн төслийг Засгийн газарт танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан хуулийн төслийг УИХ-д уламжлах бэлтгэл ажлыг хийж байна" гэдгийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлж байна.
Шинээр өргөн барих хуулийн төсөлд,
Одоо хэрэгжиж буй шүүх байгуулах тухай хуулийн төслөөр анхан шатны шүүх аль болох иргэдэд ойр, харин давж заалдах шатны шүүх илүү мэргэшсэн байх ёстой гэдгийг голчлон баримталж байгаа. Нийслэлд байгаа давж заалдах шатны шүүх нийт хэргийн 50-60 хувийг шийдвэрлэж байгаа бол үлдсэн хувийг аймгуудын шүүх дагнан шийдвэрлэж байгаа. Иймээс хоёроос гурван аймгийн дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь оновчтой сонголт, шийдвэр байсан гэдгийг ШЕЗ-ийн удирдлагууд хэлж байна.
"Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас "Гурван аймгийн дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь үндсэн хуультай нийцэхгүй байна. Дүүргийн эрүүгийн болон иргэний шүүхийг дүүрэг дунд байгуулсан, Дархан-Уул, Орхон аймагт захиргааны шүүх байгуулахдаа Сэлэнгэ, Булган аймгийг хамруулсан хуулинд нийцэхгүй байна" гэх шийдвэрийг гаргаад байгаа. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүдийг захиргаа, эрүү, иргэн гэж дагнасан хэлбэрээр хэвээр үлдээхийг зорилго болгоод байгаа аж. Тиймээс шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд шүүхийг иргэдтэй аль болох ойр болгож Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын дунд байгаа давж заалдах шатны шүүх байгааг Цэцийн шийдвэрт нийцүүлэн аймаг аймагт хэргийг шийдвэрлэх. Мөн Сэлэнгэ, Булган аймгуудад захиргааны хэргийн шүүхийг байгуулах бололцоог судалж хэрэгжүүлэх зэрэг боломжийг судлаж үзэж байгаа гэнэ.
Жилд 10 орчим тэрбум төгрөг шаардагдана
Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд багагүй мөнгө шаардагдах нь бас нэгэн бодох ёстой асуудлуудын нэг мөнөөс мөн. Хэрэв шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн аймаг бүрт шүүх байгуулвал нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөг шаардах бөгөөд шүүхийн тоог 24-өөр, шүүгчийн тоог дахин 90-ээр нэмэх шаардлагатай гэнэ. "Дахин газар бүрт шүүх байгуулна гэвэл дахиад 100-гаад шүүгч томилно. Дахиад л цалин мөнгө, дахиад л ажлын байр. Баахан зардал. Тиймээс 2021 он хүртэл энэ асуудлыг хйошуулах хүсэлтэй байгаа" гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс илэрхийлээд байгаа юм.
Ямартай ч шүүхийн бүтцийг арай өөр өнцгөөс харж, Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт аль болох нийцүүлсэн хуулийн төслийн хувилбаруудыг Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулахаар төлөвлөж байгаа бололтой.
Д.ЖАРГАЛ