Их гүрнүүд М.Каддафитай хатуу тэмцэхээр тохиров

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Их гүрнүүд М.Каддафитай хатуу тэмцэхээр тохиров

Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иртэй уулзаад завгүй байх хооронд Францын Деаувиллед Их наймын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. Энэ үеэр яригдсан гол асуудал нь Арабын хувьсгал байв. Газрын тосны асар их нөөцтэй Ойрхи Дорнодоос дэлхийн эдийн засаг хэдийнэ хараат болсон. Тиймээс их гүрнүүдийн хувьд энэ бүс нутгийн тогтвортой байдлыг хангахыг эрмэлзэж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд газрын тосны эх орныг эзлэн авах гэсэн АНУ, Франц тэргүүтэй улсын ашиг сонирхол яваа гэх таамгийг цөөнгүй шинжээч гаргасан билээ.

“М.КАДДАФИ БУУЖ ӨГӨХ ЁСТОЙ”

Их наймын уулзалтын үеэр     нэлээд маргаан өрнүүлсэн нэг    сэдэв бол Ливи. ОХУ-ын зүгээс   НАТО-гоос Ливид явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж байсан   боловч  Мауммер Каддафигийн дэглэмийг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн хавар НАТО-ийн цэргүүд Ливи рүү нэвтрэх үед ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев тэднийг шүүмжилсэн. Гэсэн ч дараахан нь тус улсын Ерөнхий сайд Владимир Путин Д.Медведевийг ийм мэдэгдэл хийснийх нь төлөө шүүмжилж байв. Харин энэ удаа Их наймын уулзалтын үеэр ОХУ-ын зүгээс М.Каддафиг буруутгалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хувьд М.Каддафи бууж өгөх нь зөв гэдгийг онцлохын зэрэгцээ Ливи бол бие даасан, тусгаар тогтносон улс гэдгийг сануулсан байна. Энэ нь тус улсын хэрэгт олон улсын зүгээс хэтэрхий их орж байгааг битүүхэн анхааруулсан хэрэг юм. Францын Ерөнхийлөгч Н.Саркози “М.Каддафийн тэргүүлсэн Ли­вийн Засгийн газар ард иргэдээ хамгаалах үүрэг, хариуцлагаа гүйцэд ухамсарлаж чадаагүй. Тийм учраас ардчилсан тогтолцоо, чөлөөт нийгэм бүхий Ливи улсад М.Каддафийн орон зай байхгүй болсон. Тэр явах ёстой. Бууж өгөх ёстой” гэжээ. Түүний энэхүү эрс шийдэмгий үгс нь Ливи дэх энхийг сахиулах үйл ажиллагаа ойрын хугацаанд дуусахгүй гэдгийг нотолж байгаа юм. Европын орнуудаар айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Н.Саркозиг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Бид Ливи дэх энхийг сахиулах ажиллагааг дуусгахын тулд хамтдаа зүтгэх ёстой” гэжээ. АНУ тэргүүтэй барууны орнуудын хувьд Ливи дэх цэргийн ажиллагааг аль болох эртхэн дуусгах хүсэлтэй байгаагаа аман дээрээ илэрхийлж байгаа боловч энэ нь тэдний ярьж байгаа шиг болохгүй байгаа юм. Өмнөд Африк, Нигерийн Ерөнхийлөгч нар үүнийг нотолж, “НАТО-ийн кампанит ажил дуусах шинжгүй байна” гэсэн байна.

ОЙРХИ ДОРНОДЫГ 20 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР САНХҮҮЖҮҮЛНЭ

Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн босогчид олноороо амиа алдаж байгаа нь тус улсад хүний эрх ноцтой зөрчигдөж буйн нэг илрэл гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн байна. Одоогийн байдлаар Сирийн Засгийн газар Дамаскус хотыг хамгаалахын тулд цэргийн хүчээ нэмэгдүүлээд байгаа. Үүнийг Их наймын уулзалтад оролцогсод нэлээд шүүмжилж, Сирид хүч хэрэглэн ард иргэдээ хохироох ёсгүй гэдгийг сануулжээ. Харин ОХУ-ын төлөөлөгчид “Ливийн тухайд М.Каддафиг огцруулахыг дэмжиж байна. Гэвч олон улсын зүгээс Сирийн асуудалд илүү уян хатан хандах хэрэгтэй” гэжээ.

Их наймын уулзалтад Тунис, Египетийн Ерөнхий сайд нар оролцсон бөгөөд тэд эдийн засгийн хямралаа даван гарахын тулд санхүүгийн тусламж авахаас өөр аргагүй гэдгээ хэлжээ. Дэд бүтцээ хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг аргаар хүнд байдалд байгаа эдийн засгаа тогтворжуулж, шинэхэн байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагааг дэмжихгүй бол дахин тэмцэл, хөдөлгөөн өрнөхийг ч үгүйсгэхгүй юм. Үүнд Их наймын зүгээс нааштай хариу өгчээ. Тэд Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн хөгжлийг сэргээхийн тулд 20 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж өгөх шийдвэр гаргасан байна. Хэдийгээр энэ тоо нь албан ёсны биш боловч үүнтэй ойролцоо дүн бүхий мөнгө гаргах бололтой. Үүнтэй уялдаад газрын тосны үнэ ойрын хугацаанд тогтворжих магадлалтай юм.

Цөмийн салбар дахь аюулгүй байдал мөн л анхаарал татах сэдэв боллоо. Японы “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын үйл явдлаас сургамж авч, олон улсад цөмийн байгууламж барихад тавигдах шаардлага, стандартыг чангатгах нь зүйтэй хэмээн төлөөлөгчид үзсэн байна. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд Их наймын орнууд нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Их наймын уулзалтын эцэст ОХУ, Францын тал нисдэг тэрэг, хөлөг онгоц худалдах гэрээ байгуулжээ. Мөн АНУ-ын зүгээс терроризмтэй тэмцэх бодлогынхоо хүрээнд Орост болсон террорист ажиллагааг удирдсан гэх Доку Умаровыг хайх ажилд зориулж таван сая ам.доллар зарцуулахаар болсон байна. Түүнчлэн “Аль-Кайда”-тай тэмцэхийн тулд хоёр улс хамтрахаар тохиролцов.

Сүүлийн үед дэлхийн хүчний тэнцвэр солигдож, өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятад, Энэтхэг тэргүүтэй орнууд хүч нөлөөтэй болж байна хэмээн шинжээчид дүгнэх болсон. Гэхдээ энэ удаагийн Их наймын уулзалт АНУ, ОХУ, Франц, Их Британи тэргүүтэй орны хувьд “эрх мэдлээ” баталгаажуулахад нэг алхам болов.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж