“American Airlines Arena”-д цувралын эхний тоглолт явагдах бөгөөд үргэлжлэн гал гарсан тулаан өрнөнө. Энэ улиралд хоёр удаа учраа таарахад “Даллас” илүүрхэж байсан. Гэхдээ тэр үеийн “Майами”-г одоогийнхтой харьцуулахад арай өөр байх. Ингээд та бүхэнд хоёр багийн финалд ашиглах давуу тал болон тулгарч мэдэх асуудлыг сонирхуулья.
Дирк, Дирк бас дахиад Дирк. Леброн Жэймсийг эс тооцох юм бол энэ жилийн плэй-оффт хамгийн сайн байгаа тоглогч бол гарцаа байхгүй Новицки. Үлэмж биет Герман залуу дунджаар 28.4 оноо түүж, 51 хувьтай шидэж байна. Түүний 110 гаран кг , 2.13 метр өндөр аварга биен дээр овоо хараатай пуужин залгасан мэт шидсэн болгон нь үргэлж байндаа тусаж байна. Олон жил хуримтлуулсан дадлага туршлага нь үүнтэй нэгдээд Диркийг NBA-гийн хамгийн чанга эр болгож буй.
“Майами”-д үнэнэдээ яг Дирктэй тулаад эн зэрэгцчих тоглогч алга. Яахав Крис Бош хамгаалж болно л доо. Гэхдээ багийнхаа гурав дахь сайн тоглогчоороо чамгүй олон алдаа хийлгэх хэрэгтэй болно. Тэгсэнд орвол Леброн Жэймс юм уу Удонис Хаслемд энэ үүргийг даатгасан нь дээр байх. Хэрвээ санаж байгаа бол 2006 оны финалд Хаслем Диркийг их сайн барьж тоглолтыг нь огт гаргаагүй. Гэхдээ тэр цагаас хойш 5 жил өнгөрч, Дирк ч илүү сайжирсан. Хаслемийг тэр үеийнх шигээ сайн тоглоно гэж найдах хэрэггүй гэж би лав бодож байна.
Плэй-офф эхэлснээс хойш “Майами” олон сайн багтай тулалдсан нь үнэн. Харин “Даллас” хамгийн тэсрэлттэй, сайн довтолгоотой баг байх болно. Тоглолт бүрд 99.6 оноо дундчилж, талбайгаас 46 хувьтай шидэж байгаа багийг хэн тааруу гэж хэлэхэв. Ингээд бас зогсоогүй ээ. Тэдний хамгаалалт ч бас тэнцвэртэй гэж хэл болно. Энэ хүртэл ирэхдээ 92.3 оноо эсрэг багтаа бэлэглэж, 44 хувьтай шидүүлж байгаа нь муугүй стат.
Тэднээс онцлох тоглогчдын жагсаавал Жэйсон Киддийг нэн тэргүүнд дурьдах хэрэгтэй. Нас нь хэдийн явсан ч гэсэн ер бусын гайхалтай байгаа. Хамгаалалт бас довтолгоонд. Мөн Тайсон Чэндлэр самбарын өмнө идэвхитэй тоглолтоороо “Хит”-ийг бажгадуулах нь гарцаагүй. Жэй Жэй, Жэйсон Терриг тооцоонд оруулаад үзэх юм бол “Мавс” магадгүй лигийн хамгийн нөөц сайтай, нуруутай баг байж мэдэх юм. Улирлын турш “Хит”-ийг зовоож байгаа бүсийн хамгаалалтыг тэд маш сайн хийж чаддаг нь бас нэг асуудал болно.
“Мавс” өөрсдийн талбайд цувралын 3 тоглолтыг хүлээж авна. Өөрөөр хэлбэл талбайн давуу талыг ашиглахгүй гэсэн үг. 1990 оноос хойш NBA-гийн финалд талбайн давуу талыг ашиглаагүй багуудын дөнгөж 24 хувь нь ялалт байгуулж байжээ. Дорнод бүсийн финалд “Чикаго”-д тулгарсан асуудал ч бас “Даллас”-г зүгээр орхихгүй. Энэ цувралын хамгийн шилдэг дөрвөн тоглогчын гурав нь “Хит”-ийн өмсгөлтэй тоглоно гэдгийг тэд санах хэрэгтэй.
Дирк Новицки цуврал үргэлжлэх 2 долоо хоногийн турш формоо сайн хадгалж, бүх тоглолтонд ”40 онооны” тоглолтоо гаргаж чадахгүй л юм бол “Их гурвал”-ыг хожно гэдэг амаргүй. Үүнээс гадна “Хит”-тэй тэмцэлдэхэд бас нэг асуудал тэдэнд байна. “Даллас” ерөнхийдөө периметр шидэлттэй баг учраас “Майами”-гийн сайн хамгаалалтын эсрэг бачимдана байх. Сайн хамгаалалтын эсрэг периметр шидэлт хийхэд үргэлж л хэцүү байсаар ирсэн. Тийм болохоор «Пежа» Стоякович, Жэйсон Терри нар “Хит”-ийн нягт хамгаалалтын яаж нэвтэлж өндөр хувьтай шидэх талаараа сайн тунгаах хэрэгтэй болох нь.
Эргээд “Буллз”-ийн тоглолтыг санацгаая. “Майами”-тай тоглохдоо тэдний ашиглаж байсан нэг давуу тал бол самбараас бөмбөг авалт. “Чикаго” шиг самбарт сайн баг “Хит”-ийг эвгүйтүүлж чадна. Харин “Даллас” тийм баг мөн үү. Тоон үзүүлэлтээр бол плэй-оффт үлдсэн багуудааc “Даллас” дөнгөж 12-т энэ үзүүлэлтээр бичигдэж байна. Өөрөөр хэлбэл “Хит”-ийн хасагдах шатанд тулж буй хамгийн тааруу самбарддаг баг гэсэн үг.
Мэдээж “Мавс”-ын хамгаалалтыг хэн ч тааруу гэхгүй л дээ. Гэхдээ “Хит”-ийн өмнөх шатанд тулсан хатуу чанга, боломжит хамгийн бага оноо алддаг “Буллз”, “Селтикс”, “76″-гийн хамгаалалттай харьцуулахад бас ч гэж эмээгээд байхаар сайн биш. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэвэл: “Тандер”-ийн “Даллас”-т ялагдсан гол шалтгаануудын нэг бол периметр шидэлт тааруу хийснээс болсон. Самбарт довтолж болох олон довтолгоогоо тэд эрт шидэж алдаж байсан. “Мавс”-н хамгаалалт будагтай талбайд 66 хувьтай эсрэг багаа шидүүлж байсан. Энэ тал дээр Чендлер сайн анхаарах нь зүйтэй байх. Хэрвээ тэд ирэх цувралд Лербоныг 60+ хувьтай шидүүлж, Уэйд, Бош будагтай талбайд байх юм бол ямар ч боломж байхгүй.
Үргэлжлэл бий…