Хэнийг ч буруутгах аргагүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хэнийг ч буруутгах аргагүй

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос то­милогдсон, Туул голыг хам­гаалах ажлын хэсгийн ах­лагч Д.Кёкүшюүзан Бат­баяр, Ц.Сэдванчиг, Су.Бат­болд на­рын гишүүд, мөн  Мэр­гэж­лийн хяналтын ерөн­­хий газар, Нийслэлийн бай­галь хамгаалах газар, Бай­галь орчин, ая­лал жуулч­лалын яамны мэр­гэжилтнүүд нийлсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Туул го­лын ай сав дагуу шалгалт хийсэн байна. Шал­галтаар Хан-Уул дүүргийн XII хо­роонд үйл ажиллагаагаа явуулж буй “Туул ривер контри сайд” компанийн үйл ажиллагаатай танилцах гэсэн УИХ-ын гишүүдийг тэндхийн хамгаалагчид нь дотогш нэвт­рүүлсэнгүй. Яагаад гэ­вэл цалин өгч буй дарга нь “Хэн ч ирсэн дотогшоо нэвтрүүлж болохгүй” гэсэн үүрэг өгчээ. 2007 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргилыг ХЗДХЯ-ны сайд болоод удаагүй байхад нэг өглөө яамандаа очиход төрийн тусгай хамгаалалтын ажилтан дотогш нэвтрүүлэлгүй үүдэн­­дээ нэлээд хугацаанд зог­­соож “сургасан” гэдэг. Ц.Мөнх-Оргил сайд тухайн үед “Би танай сайд байна. Ажил руугаа ормоор байна” гэтэл хамгаалалтын ажилтан “Ооё худлаа яриад бай, Битгий ингэж бай. Наанаа суугаад хүлээ” гээд байсан гэдэг. Ингээд учраа олохгүй зогсч байхад нь яамны ажилтнууд таньж дотогш нэвтрүүлсэн гэдэг. Мөн УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаярыг Бө­хийн өргөөнд орох гэтэл хам­гаалагч залуус нь хашиж зогсчихоод оруулалгүй бу­цаасан гэдэг. Бас УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайд байхдаа Маршалын гүүрний ажлын явцтай танилцахаар очиж л дээ. Гүүрний ажлын явц удаан байгааг харсан Ерөнхий сайд засварын ажлыг хариуцаж буй компанийн захирлыг дуудаж ирээд асуулга тавьсан юм. Гэтэл компанийн захирал Ерөнхий сайдыг зад загнаад үг хэлүүлээгүй юм даг. Ерөнхий сайд ч тухайн үед их бантсан царайтай байсныг санаж байна. Ер нь хүн болгон л ажлынхаа байран дээр өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой гэдгийг хүмүүс маш сайн ойлгож эхэлж байгаа биз. Ямар ч дарга, сайд байсан хамаагүй гол нь хариуцсан ажил гэсэн ганцхан зарчмыг баримталсан байна. Хэнийг ч буруутгах юм билээ дээ.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж