нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар төрийн албан хаагчдад
орон сууц олгох, төсвийн алдагдлыг хаахад зориулж 127,5 сая төгрөгийн
бонд гаргах буюу Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн боловч гишүүд тодорхой шийдэлд
хүрэлгүй үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.
Харин ноос,
ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны ажлын хэсгийн саналыг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газар ноолуурын
салбарын дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тогтоолын
төсөл оруулж ирснийг “Ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 12 үйлдвэрийг
л дэмжих гэж байна. Малчид ноолуураа тушаагаад дуусчихсан хойно 110
тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байгаа нь өндөр хүүтэй банкны зээл
хаахаас цаашгүй” гэсэн шүүмжлэл дагуулсан юм.
Энэ мэт олонх
гишүүдийн шүүмжлэлээс улбаалан ажлын хэсэг байгуулж ноолуурын салбарыг
дэмжих 110 тэрбум төгрөгийн бондыг ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрийг
дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд болгон гаргах нь зүйтэй гэж ажлын
хэсгийн санал оруулсан аж. 300 тэрбум төгрөгийн бондыг нийт таван жилийн
хугацаанд гаргах бөгөөд эхний ээлжинд ноос, ноолуур, жижиг дунд
үйлдвэр, цаашдаа бусад салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр шат
дараалалтай хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн байна. Ажлын хэсгийн
ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Малчид ноосоо ашиглах нь бага. Хонины
ноос үнэгүйдэж уул даваад хийсч байх болсон. Харин бондыг 300 тэрбум
хүртэл өсгөөд түүнээсээ тодорхой хэмжээний хөрөнгийг ноосны салбарт
хуваарилбал салбарын үйл ажиллагааг өөд нь татах боломжтой” гэв. Үр дүнд
нь ноосны салбар өсөн дэвжиж, ноосны үнэ өсөх бөгөөд малчдад тушаасан
ноосны нэг кг тутамд 2000 төгрөгийн нэмэлт урамшуулал олгодог байх
хэрэгтэй. Энэ нь малчдын өрхийн амжиргааг дэмжих оновчтой арга гэнэ.
Мөн
хөдөө аймгийн төв болон сум бүрт ноос худалдан авах цэг байгуулах
хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын зарим гишүүд хэллээ. Эцэст нь гишүүд ноос
ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд
гаргах тухай ажлын хэсгийн саналыг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт
бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин