Ойлголцоно гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ойлголцоно гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарладаг бүхий л тендерийг танай компани авдаг байсан гэх боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би улс төрд орсон цагаасаа л ажлаа хувийнхаа бизнестэйгээ хольж, хутгаж явсангүй.  “ТБД Андууд” компанийн үйл ажиллагаа өмнө нь ямар байсан тийм л хэвээрээ явж байгаа. Төрийн сайд хийж байхдаа ч, УИХ-ын гишүүн гээд ч эрх мэдэлдээ дулдуйдан хотын төвийн дүүрэгт ямар ч газар авч үзээгүй. УИХ-ын гишүүн байсан талийгаач О.Энхсайханаас олон жилийн өм­нө дутуу баригдсан барил­гыг нь худалдан авч дэлгүүр нээж байлаа. Өнөөг хүртэл тэр байранд “ТБД Андууд”  ком­пани байрлаж байна. Д.Тэр­бишдагвын нэртэй нэг ч газар, лиценз байхгүй. Ха­рин газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбар уна­сан үед энэ салбарын сайд болж, хамт олныхоо хүчээр хүнсээр овоглосон энэ яамыг босголцсон юм шүү. На­майг сайд байхад хувийн ком­пани маань  нэг тендерт ч орол­цож байгаагүй. Би ч хэл ам гарна, дэмий гэдэг байсан. Улс төрд орсноор бизнес маань цэцэглэх байтугай  ха­рин ч хүч нь саарсан гэж боддог. Нэр цэвэр байж, тө­рийн ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чадварлаг, ажил хэрэгч хамт олонтойгоо гар нийлэн уналтад орсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээх эхлэл, суурийг тавьснаа  хаана ч би бардам хэлдэг,  бас бахархдаг.  

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу бидний ярьж заншсан Тендерийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах цаг болсон гэж боддог. Тиймээс ч би тендертэй холбоотой асуудлын талаар ширүүхэн шүүмжилдэг хүний нэг. Төр хувийн хэвшлийнхнээр ажлаа хийлгэхдээ чанартай сайн гүйцэтгэгчийг шударгаар сонгож, үр ашигтай байхад анхаарах үүрэгтэй.

-Танд “Online daten system” гэдэг компани бий юү. Энэ компани бүх тендерийг авч ажилладаг юм биш үү?

-“Online daten system” нь  Германы компани шүү дээ. Эзэн нь миний таньдаг хүн. Би  энэ  компанийн  ямар ч хувь эзэмшдэггүй. Харин  “ТБД Андууд” ХХК-д  ажиллаж байгаад гарсан зарим хүн энэ компанид ажилд орсон гэж сонссон. Тиймээс л тендерт өрсөлдөөд ялагдсан компани нь надтай холбоотой байж мэднэ гэж  хардаж элдэв яриа гаргаад байгаа бололтой дог. Үгүй бол сонгууль дөхөөд ирэхээр увайгүй нөхдүүд гүтгэлэг, нэр сүр гутаах гэсэн явуулга хийгээд эхэлсэн ч байж мэдэх юм. Д.Тэрбишдагвын таньдаг хүн бүр улс төрд орж болохгүй, бизнес хийж болохгүй юу. Ийм явуургүй арга хол явахгүй ээ. Намайг Авлигатай тэмцэх газарт шалгуулъя гэж янз бүрээр бичсэн байна лээ. Өөрийнхөө санаачилгаар очоод шалгуулчихмаар санагдах л  юм. Шаардлагатай гэвэл өөрийгөө шалгуулж ч болно шүү дээ.

-Эзэд нь гэхээр хэн байх вэ?

-Нэр усыг нь зарлаад хэвлэлээр дайтаад байх хэрэггүй байх аа. 

-Нэрлэж болохгүй гэж үү?   

-Дахин, дахин ингээд гүжирдээд байвал нэрийг нь зарлаж, хууль хяналтын байгууллагад ч хандана. Хорхой ч гэсэн биенд нь хүрэхээр атирч мурилздаг биз дээ.  

-Таныг  Ардын  намын  “эсэр­­гүү” ги­шүүн хэмээдэг. Гурван ги­шүүн­тэй нийлж, удирдлагадаа шаард­лага хүргүүлж байсан. Харин шаардлагынхаа талаар намын удирдлагуудтайгаа тохиролцсон гэж сонссон. Энэ тухайд?

-Эсэргүү гэдэг ч юм уу ямар нэгэн нэр хочийг захиалгаар, зохион байгуулалттайгаар тараадаг юм шиг байна. Үг хэлсэн, болохгүй байгаа зүйлийг шүүмжилсэн хүн болгоныг эсэргүү гээд байвал ардчилсан нийгмийн үнэт зүйл алдагдана биз дээ. Монгол Улсын тулгуур хууль болох Үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг нь тунхагласан. Тэгэхээр би хуулиас гадуур эсэргүү зүйл хийгээгүй гэж боддог. Хэн нэгэн даргад таалагдахгүй байх вий, хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргэчих вий гэж болохгүй байгаа зүйлийг ч болж байгаа юм шиг ярьж хуурай хоосон магтаалын үг урсгах дургүй. Өөрийнхөө санал бодлыг дарга, цэрэг гэлгүй хэлчихдэг. УИХ-ын дөрвөн гишүүн намын сайн сайхан, эв нэгдлийн төлөө санал бодлоо хэлж, ийм асуудал болж бүтэхгүй байна гээд  намынхаа даргад бичиг илгээсэн. Энэ нь тийм хүн эвгүйцээд байхаар зүйл биш биз дээ. Уг нь бол шүүмжилсэн, хатуу үг хэлсэн гишүүдийг  эсэргүү гэж гоочлохын оронд ярьсан, хэлснийг нь анхаарч  авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Харин Ардын намын дарга С.Батболд биднийг хүлээн авч уулзаад, ийм, ийм зүйл дээр нь анхааръя гэж ярилцаж ойлголцсон. Ойлголцож, ажил болгохыг зорино гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш шүү дээ.

-Ямар зүйлийг ярьж тохиролц­сон гэж?   

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, намаасаа гарсан болон одоо байгаа хүмүүст нэр хоч өгөхгүй байя, намынхаа эв нэгдлийг эрхэмлэе гээд нэлээд зүйл ярилцсан. Харин намын Их хурлыг хуралдуулах шаардлагатай байна  гэхэд  намын дарга “Цаг нь болоогүй байна. Сонгууль ч ойртлоо” гэж хэлсэн. Энэ мэтчилэн тал талаасаа ярилцаж ойлголцсон. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Улстөрчид нүүр нүүрээ хараад ярилцдаггүй учраас “хар муурууд” хооронд гүйж, хор хутгадаг гэмтэй. Тиймээс илэн далангүй чөлөөтэй ярилцах нь хамгийн чухал зүйл гэж боддог. Манай намын дарга бидний шүүмжилсэн асуудалд эмзэглэлгүй хүлээн авч ярилцсанд талархаж байгаа.

-Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх хүмүүс байхад эсрэгээр нь томоохон төсөл, хөтөлбөрүүдийг “хөдөлгөлөө” гэх нь ч бий. УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш таныхаар хамтарсан Засгийн газар юу хийв?

-Хамтраад хийж хэрэгжүүлсэн зүйл бий. Гэхдээ хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна. Хяналтгүй учраас дураараа дургиад, хурд дутаад  байна уу даа гэж бодох юм. Хамтарч засгаа байгуулсан тулдаа л Оюутолгойн гэрээг байгууллаа гэж мөн ч их пиардах юм. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын ханш  урьд, хожид  байгаагүйгээр өссөн. Ийм алтан үед хамтарсан, хамтраагүй аль ч Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулах л байсан. Энэ гэрээг чамбай хийж, улс орондоо ашигтай байхыг чухалчилсан бол өнөөдөр хэл амны бай болж, гууль нь цухуйхгүй байсан. Харин ч парламентын сөрөг хүчин нь хянах  үүргээ биелүүлж, алдаа оноотой зүйл оруулж ирэхэд нь засахыг шаардаж байсан  бол Оюутолгойн гэрээ илүү сайн болох ч байсан байж мэднэ. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай ярилцаад Оюутолгойн гэрээний зарим зүйл заалтыг өөрчилнө гээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдээд л байсан. Гэвч одоо  болтол дуусаагүй байх жишээтэй. Оюутолгой, Тавантолгойгоо ярьсаар, түүнээс давж ажиллаж чадахгүй байсаар сонгуульт хугацаа нь өндөрлөх нь. 

-Зарим улстөрчид Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Сонгууль болоход жил орчмын хугацаа үлдчихээд байхад “гар” гэж буйг та хэрхэн тайлбарлах бол?

-Стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газар байгуулсан. Тухайн үед би Үндсэн хуулийг зөрчиж байна гэж мөн ч их шүүмжилж, цөөнх болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Стандарт бус гэхээр бүх зүйлийг стандарт бусаар хийнэ гэсэн  утга агуулж байгаа юм. Жишээ нь, стандарт бус, стандартын шаардлага хангахгүй  эм уувал яах вэ. Хордоно. Бүр цаашилбал амь насанд нь ч аюултай. Тухайн үед Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж ийм стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Парламентын засаглалтай улс оронд сонгуулиар олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулж, цөөнх болсон нь сөрөг хүчин болж, “манаачийнхаа” үүргийг биелүүлдэг дэлхий нийтийн жишиг бий. Би анхнаасаа л хууль зөрчсөн гүйцэтгэх засаглал хэрэггүй гэж хэлсэн. Харин одоо цаг тулчихсан байхад нэгийгээ хөөж гаргана, нөгөөх нь хаяад гарна гэх нь улс төр хийж л байгаа хэрэг болов уу. Уг нь стандарт бус шийдвэр гаргасан алдаагаа эртхэн ухамсарлаад зарчмынхаа дагуу ажиллаад явах хэрэгтэй байсан юм. Өнөөдөр Монголын парламент ямар ч хяналтгүй болж, хэтэвчээрээ нэгдсэн бүлэглэлүүд бүхнийг удирдаж, найраа хавтгайрч, бантан шиг зунгааралдчихсан байна шүү дээ.

-Сайд нар хариуцлага хүлээх чадваргүй гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Зарим гишүүн ч санал нийлдэг. Харин таны хувьд юу гэж бодож байна вэ?

-Том толгойтой сайд нарыг ажлаа хийж чадахгүй байхад хамгаалаад үлдэж байгаа нь  улс төрийн намууд хамтарсантай холбоотой байх. Хамтарсан Засгийн газрын нэрэн дор юу ч хийж болно гэсэн пээдгэр сайдууд олон байгаа нь бодит үнэн.  Зарим хүн УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж байгаа  учир хариуцлагагүй байна гэж тайлбарладаг. Би үүнтэй санал нийлдэггүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь баталсан хууль тогтоолыг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй. Биднийг төлөөлж, элч болж чадна гээд сонгогчдоос хамгийн өндөр санал өгсөн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож, заримыг нь давхар сайдын албыг хаших боломж олгож байгаа нь зөв зүйтэй гэж боддог. Асуудлын гол нь үүнд байгаа юм биш.

-Үндсэн хуулийг дордуулсан гэх долоон заалт дотор таны сая хэлсэн заалт бий. Харин одоо энэ заалтыг өөрчлөх талаар хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа шүү дээ?

-Парламентын засаглалтай учир олонхиороо асуудлыг шийддэг. Хэлэлцэх явцад нь  байр сууриа илэрхийлж, шүүмжлэх нь нээлттэй. Харин шийдвэр гарсны дараа олонхийн шийдвэрээ хүндэтгэх нь ардчиллын зарчим. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэж  өөрчилбөл татгалзахгүй. Гэхдээ УИХ-д нэр дэвшээд сонгогдож чаддаггүй, ард түмэн үнэлдэггүй нөхдүүд оронд нь сайдын суудлаар шагнуулдаг жишгийг тогтоочих вий гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Та “Элсний 13”-т байсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай “Элсний 13”-ынхан холбоотой гэдэг. Улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан хүн өнөөдөр “гудамж”-инд улс төр хийж байгааг та юу гэж харж байгаа вэ?

-Намаа шинэчилье гэж гарч ирсэн “Элсний 13”-ыг Н.Энхбаяртай холбох нь утгагүй хэрэг. Тэр үед сайд байсан  Ч.Улаан нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Намд асуудал үүсээд байна. Бүгдээрээ намдаа өөрчлөлт, шинэчлэл хийе” гээд надад нэг бичиг үзүүлсэн юм. Тэр бичигт нь л би гарын үсэг зурж байлаа. Сүүлд нөгөө хэдтэйгээ уулзахдаа “Н.Энхбаяр даргыг цаанаас нь зохион байгуулсан гэж яриад байх юм. Энэ үнэн юм уу Ч.Улаан сайд аа. Би тантай л ганцхан уулзсан” гэж асуухад “Тийм юм ерөөсөө байхгүй” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Ер нь нэг хүнтэй бүх зүйлийг холбохоор нөгөө хүн нь улам л алдаршаад байх юм  даа. “Элсний 13”-ынхан намын нэр хүнд тааруу байсан учир үүн дээрээ анхааръя гэсэн асуудал тавьж, XXV их хурал хийлгүүлсэн хэрэг. Гэхдээ тэр үед фракци дотроо би өөр байр суурьтай байсан.

-Чухам ямар байр суурьтай байсан гэж?

-Ерөнхий сайд, намын даргын албыг давхар хаших ёстой гэснийг дэмжихгүй, эсэргүүцэж байсан. Учир нь одоо сонгууль ойртсон байна. Энэ үед Ерөнхий сайд, намын дарга хоёр тусдаа байх нь зөв. Намын дарга нь намынхаа ажлыг хийгээд, Ерөнхий сайд нь засгийн ажлаа хийж, улс орондоо  бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Гэвч эсрэг байр суурьтай байлаа гээд олонхиороо шийдсэн.  “Элсний 13”-ныхан үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Түүхэндээ МАХН /хуучнаар/-ын XXV их хурал өөрчлөлт, шинэчлэлийн асар том хурал болсон. Илэн далангүйгээр  их ч зүйл ярьсан. Тэгээд бодлогын гурван том баримт бичгийг баталж гаргасан юм.  Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлсэнгүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг байгуулахыг зорьж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Н.Энхбаяр дарга өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандаж байгаа байх.  Үнэхээр МАХН гэдэг нэрэнд дассан хэсэг хүн бий. Нэг хэсэг хүн тусдаа нам байгуулах гээд гарах нь ардчилсан нийгэмд байх л зүйл. Харин үүнийг хүлээн авахын оронд улам дэвэргээд, улстөржүүлэх шаардлагагүй. Тэр хүн рүү жинхэнэ цэрэг нь байсан хүмүүс дайраад, довтлоод байх юм. Н.Энхбаяр даргын өрөөнийх нь үүдийг сахиж суудаг, нэг орвол гарч ирэхгүй хэдэн цагаар алга болчихдог  байсан хоточ “банхар”-ууд өнөөдөр түүнийг онилж, “хазах” гэж дайрцгаах юм даа.  Албан тушаалаас нь буухаар сонин зан гаргаж бие, бие рүүгээ дайрч буй хүмүүсийн ёс суртахуун, хүнлэг чанар, хүмүүжлийг нь ойлгодоггүй. Би бол хүний үүд сахиж ч явсангүй. Дарга нарын дал мөрөн дээр нь алгадаж, улаан суганд нь хавчуулагдах гэж оролдож ч байсангүй. Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Батболд дарга нь байна уу, хэнд ч хэлэх үгээ хэлчихдэг. Манай намын зарим хүн намайг Н.Энхбаярын хүн болгох гэж оролддог. Энэ нөхдүүд харин ч цагтаа Н.Энхбаяр даргад наалдаж, албан тушаалыг нь авч, урдуур нь гүйж, хамгаалж байсан “банхар”-ууд шүү дээ. Нөхөн сонгуульд Д.Зоригттой өрсөлдөж байхад олон хүн “Дарга минь та нэр дэвших ёстой” гэж далдганасан. Харин би “Та хэрэггүй ээ” гэж байсан юм шүү.

-Нөхөн сонгуульд өрсөлдөх хэрэггүй гэж яагаад бодсон юм бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд  өр­­сөлд­­сөний да­раахан нөхөн сон­гуульд нэр дэвших нь дэмий байх л гэж бодсон. 

-Хойноос нь унаж, тусах шахан гүйж байсан хүмүүс нь Н.Энхбаярыг улс төрд оруулахаасаа “айгаад” байгаа юм биш үү?

-Би Н.Багабанди, С.Баяр, Н.Энхбаяр даргын хэнтэй нь ч очиж уулзахаас айдаггүй. Яагаад уулзаж болохгүй гэж. Хүн бол хүнээрээ л байх хэрэгтэй.

-Хамгийн сүүлд хэзээ Н.Энх­баяртай уулзсан бэ?

-Цагаан сарын дараа би очиж золгосон. Түүнээс хойш уулзаагүй. Харин утсаар хэд, хэдэн  удаа ярьсан.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж