-Бидний амьдарч байгаа нийгэм хэзээ үгүйсгэлийн үгүйсгэл гэдэг ганц хэмжүүртэй болсон юм бол гэдэг асуулт өнөөдөр олон хүнийг зовоож байна-
Хонин жилийн ажлын эхний долоо хоног ширүүн эхэллээ. Морь, хонин жилийг дамнуулан өлсөх хэлбэрээр тэмцлээ илэрхийлж байсан хэсэг иргэнийг орон нутгийн захиргааны шийдвэрээр эмчилгээнд хамруулсан хүмүүсийг хоёр талцахад хүргэлээ. “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй Гачууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамруулахыг тэдгээр иргэд эсэргүүцсэн юм. Эсэргүүйцэх болсон үндэслэл нь Гачууртын орд хүннүгийн үеийн булш олдсон Хэнтий аймгийн Ноён уулын хавьцаа байгаа учраас түүхийн энэ дурсгалт газарт хүний гар хүргэхгүй байх. Улс орныхоо ариун дагшин байгаль, түүхийн дурсгалт газрыг бүтнээр нь авч үлдэх гэсэн иргэдийг тэмцлийг төр ойшоож үзсэнгүй, тэдний тэмцлийг хүчээр тараалаа гэсэн яриа гарсан ч тэмцэж байсан иргэд өөрсдөө тэмцлээ зогсоох шийдвэр гаргаснаа олон нийтэд албан ёсоор зарласан. Энэ дашрамд дурдахад, Гачууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай шийдвэрийг УИХ-ын намрын чуулган хаврын чуулган руугаа шилжүүлээд байгаа юм.
Иргэд тэмцлээ зогсоосноос хоёр хоногийн дараа Ноён уулын асуудлаар бүх талыг оролцуулсан уулзалтыг Ерөнхийлөгчийн Иргэний танхимд зохион байгуулсан. Харамсалтай нь амь насаараа дэнчин тавин тэмцэж байсан хүмүүсээс өөрсдийн тэмцлийнхээ зорилгыг тодорхойлчих ул үндэстэй тайлбар хийх хүн байхгүй байсан нь энэ хүмүүс үнэхээр юуны төлөө тэмцсэнээ, юуны төлөө өлссөнөө ухаарч байсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Эдгээр иргэдийн тэмцлийг дэмжихээр очсон өөр ТББ-ын хүмүүсийг хөөж байсан нь ч бас сонин. Үнэхээр нэг зорилгын төлөө, ариун үйл хэргийн төлөө тэмцэж байгаа бол нэг хүний дуу хоолой ч хэрэгтэй баймаар. Тэмцлийг өмчилж, өлсгөлөн гэсэн хатуу хэлбэрээр зорилгодоо хүрэхээр улайрч байснаас биш, асуудлыг шийдэх эрүүл ухааныг хүсээгүй нь илт. Мөн өлсөгчид бүгд нэхий дотортой шинэхэн дээлээр ижилссэн байсан гэсэн баримт ч нэгийг өгүүлнэ.
Тэгвэл төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй дөрөвхөн настай балчир охины хойдхын буяныг хураахаар Бямба гаригт нийслэлийн хэд хэдэн газар цугласан хүмүүс “Ардчилсан нийгмийн ухаан саруул иргэдийн жинхэнэ тэмцэл гэж ийм байдаг” гэдгийг харууллаа. Төрүүлсэн эцгийнхээ болон хойд эхийн гарт бяцхан охин амиа алдсан гэсэн мэдээллийг охины ээжийн найз нийгмийн сүлжээгээр анх тарааснаар энэ хэрэг нийгэмд давалгаа үүсгээд байна. Хүний ёс байж болох чанарын хамгийн доод түвшинд хүрээд байгааг нотлох энэ хэрэг уялдаа холбоо бүхий нийгмийн олон харилцааг шинэ өнцгөөр харж, хүлээн авч, өөрчлөх шаардлага байгааг харууллаа. Юуны өмнө нийгэмд далд хэлбэрээр оршсоор байгаа хүчирхийллийн эсрэг цогц арга хэмжээ авах хэрэгтэй, мөн эцэг эх төрүүлсэн хүүхдийн өмнө ямар хариуцлага хүлээдэг байх, үүргээ гүйцэтгэж чадахгүй эцэг эхэд ямар хариуцлага тооцох, хүүхдийн эрхийг яаж хамгаалах гээд олон асуултын хариуг нэхэж байна.
Бидний амьдарч байгаа нийгэм хэзээ үгүйсгэлийн үгүйсгэл гэдэг ганц хэмжүүртэй болсон юм бол гэдэг асуулт өнөөдөр олон хүнийг зовоож байна. Үгүйсгэх, муучлах, шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Үгүйсгэсэн хүн нь үгүйсгэснээ нотолдог, муучилж, шүүмжилсэн хүн нь сайжруулан, засч залруулан хийхгүй бол манай нийгэмд цэцэнчүүдийн тоо ихэджээ. Тэнэг хүн явах газаргүй болтлоо цэцнээр дүүрсэн мэт.
Өнгөрсөн Баасан гаригийн шөнө ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Кремлийн ойролцоохон буудан хороосон хэрэг хойд хөршийг маань ид шуугиулж байна. Квант физикч мэргэжилтэй Немцов цагтаа Оросын төрийн залуу шинэчлэгчдийн нэг гэгдэж байсан. Тэр суусан цэцэн биш явсан тэнэг байхыг хүссэн юм. Түүнтэй хамт улсаа удирдаж байсан хамтран зүтгэгч Анатолий Чубайс оросууддаа хандан “Ардчилагчдаа, коммунистуудаа, шинэчлэгчдээ, үндсэрхэг үзэлтнүүдээ, либералуудаа одоо бүгд хийрхлээ зогсооё” хэмээн хоолой зангиран уриаллаа. Москвад хэлсэн энэ үг энд бидэнд ч бас хамаарч байгаа нь үнэн билээ.
Д.НАРАНТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин