Баярын төсвийг багасгая

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Баярын төсвийг багасгая

-Цагаан сарын араас шил залган дуу дуугаа авсан энэ олон баярууд хямралд нэрмээс болохоос нэмэр болохгүй. Тиймээс хямралын жилээс эхлэн баярын төсвийг хэмнэж эхэлбэл ямар вэ –

Гуравдугаар сар түүчээлэн эхэллээ. Хамгийн олон баяр тохиож, тэр болгоныг нь та бид хөл болгон тэмдэглэдэг, хуанлийн хуудаснаа улаанаар тодотгосон өдөр олонтой сар эхэллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд гуравдугаар сард ердөө гурван  өдрийг л бүх нийтээр тэмдэглэхээр заасан. Эхнийх нь өчигдөр тохиосон эх орончдын өдөр. Харин гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр заажээ. Гэвч энэ жилийн Март ням гаригт тохиож байгаа. Харин дараах нь гуравдугаар сарын 18 буюу Монгол цэргийн өдөр. Энэ өдөр амрахгүй ч нийтээр тэмдэглэнэ гэж хуульчилжээ. Албан ёсоор хуульчлаагүй ч ар шилээ дагасан баярууд олон бий.

Сарын эхний өдөр тохиодог “Эх орончдын өдөр” цагтаа нэгэн намын баярын өдөр байсан. Улсдаа ууган, хүрээлэл ихтэй уг намыг  үүсгэн байгуулсан өдрийг мартуулахгүйн тулд далайцыг нь нэмэгдүүлсэн байж болох шийдвэрийг 2004 онд гаргаж, Эх орончдоор овогложээ. Өнөө жил 94 жилийн ойогоо тэмдэглэж буй улс төрийн ууган хүчнийхэн Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, 800 гаруй гишүүдээ тусгаар тогтнолын ордондоо цуглуулан баярын хурал хийж, бөх барилдуулж тэмдэглэв. МАН-ынтай угшил нэг МАХН-нхан ч жанжны талбайг гороолж, эх орондоо ирээд удаагүй намын даргынхаа патиарыг сошиал медиаг ашиглан шэйрлэж амжлаа. Чингисийн талбайн нөгөө буланд жинхэнээсээ эх орончид гэж өөрсдийгөө нэрлэгсэд мөн жагсаал цуглаан зохион байгуулав. Жагсаалд оройлон оролцогчид нь Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн байсан бөгөөд тэд Ноён уулаа аврах асуудлыг ахин хөндөн тавьсан юм. Эх орончдын өдөр иймэрхүү зураглалтайгаар өнгөрөв.

Хаврын эхэн сарын бүүдгэр өдрүүдэд өнгө нэмэх гэсэн мэт шил шилээ дарах олон баярууд өмнө хүлээж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг ээжүүдийн баяр болгон тэмдэглэж заншсан. Гадаадын улс орныхон шиг өдөр бүр шахам талархаж сураагүй монголчуудын хувьд төрүүлж өсгөсөн ачийнх нь хариуд жилдээ ганц удаа баярлаж талархсанаа илэрхийлдэг билээ. Харин аавуудын ачийг магталгүй үлдээх вий гэсэн шиг Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсан. Цэрэгт явсан яваагүй, явах хараахан болоогүй бүхий л эрчүүдэд хамаатуулан тэмдэглэдэг эл баярын өдөр мөрдэстэй эрчүүдэд  илүү хүндэтгэлтэй ханддаг.

Монгол орон олон үндэстэн ястантай. Тэдэн дундаас шашин шүтлэг болоод зан үйлийн хувьд эрс ангид нэгэн үндэстэн байдаг нь казакууд. Тэд энэ сард Наурызын баяраа тэмдэглэнэ. Жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдрийг казак үндэстнүүд хаврын баяр, урин цагийн үүдэл хэмээн тэмдэглэж заншсан. Хэдийгээр 200 мянга хүрэхтэй үгүйтэй цөөнх үндэстэн хэдий ч Наурызыг өргөн дэлгэр тэмдэглэх боломжоор хангаж өгсөн нь гайхалтай. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд Баян-Өлгийд зочлохын дээр нийслэлд ч төрийн түшээд казак үндэсний хувцас гоёлоор гангарч, бүргэдийн баярт оролцдог. Тун саяхан хүртэл УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн бүргэдийн баярт оролцон, бүргэд сургуулилахад зориулсан чихмэл туулай барин зургаа татуулсан нь шуугиан дэгдээгээд амжсан. Харин тэдний энэ мэт алиалал цөөнх доторх цөөн болсон Баян-Өлгийн урианхай, чантуу, тува зэрэг ястнуудын дургүйцлийг төрүүлдэг юм билээ. Учир нь дарга даамал болгон нь казак үндэстнүүд байдгаас цөөн хэдэн монгол ятснуудаа гадуурхах, хавчиж явдал алсын Өлгийд айхтар газар авсныг дашрамд дуулгахад илүүдэх юүн.  

Ганцхан сарын дотор 4-5 баярыг хөл ихтэй тэмдэглэдэг монголчууд бас баян улс шүү. Хамгийн зардал өндөртэй цагаан сарын араас шил залган дуу дуугаа авсан энэ олон баярууд хямралд нэрмээс болохоос нэмэр болохгүй. Тиймээс хямралын жилээс эхлэн баярын төсвийг хэмнэж эхэлбэл ямар вэ. Хүн бүр, айл өрх, албан байгууллага болгон эмэгтэйчүүд, эрчүүдийн баярт зориулдаг төсвөө багасгаж, хэмнэлт гаргая. Танасан мөнгөө хуримтлал болгон хадгалж заншъя. Төсвийг үргүй зарцууллаа гэж УИХ, Засгийн газрын гишүүдийг занаж суудаг хэр нь өр тавин байж баяр тэмдэглээд байгаа маань “Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харах”-тай агаар нэгэн биш үү. Хэмнэлтийг хувь хүний халааснаас эхлэе. Хэмнэснээ хэцүүдсэн үед аминд ордог хуримтлалд зориулъя.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж