-Яаж ч ярьсан дэлхийн санхүүгийн зах зээл дээр АНУ, Их Британи хоёр давамгайлсаар л байна. Түүхий эдийн худалдаанд ч мөн адил. Тийм учраас Хойд тэнгисийн Brent ордын дундарсан боломжийг хэн ашиглах бол-
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг тодорхойлдог худалдааны нэртэй сорт Brent “нүд аньж” магадгүй болж байна. Өнгөрч буй сард дэлхийн нефтийн томоохон үйлдвэрлэгч Англи-Голландын Shell корпораци дэлхийн зах зээлийн гол сортын нэг болсон өөрийн мэдлийн Брент ордынхоо тоног төхөөрөмжийг задлан хураах болсноо зарлав. Уг ордын нөөц шавхагдаж байгаа нь ийм шийдвэрт хүргэжээ. Үүний улмаас уг брендийн бүтэц өөрчлөгдөн шинэчлэгдэж магадгүй болов. Брендийн хольцийг оросын түүхий эдээр ч сэлбэгдэхийг үгүйсгэх аргагүй.
Биржийн арилжаа бүрээр л “Brent сортын нефтийн үнэ” гээд л зарлаад байдаг нь ямар учиртай юм бол? Мэргэжилтнүүд бол энэ сортыг сайн мэднэ. Харин манайх шиг нефтийн биш, нүүрсний орныхон Brent-тэй төдийлөн танил биш. Brent гэдэг нь Хойд тэнгист Шетландын арлууд, Норвеги хоёрын замын дунд хэсэгт орших нефтийн ордын нэр ажээ.
Брент нефтийн ордыг алс тэртээх 1971 онд нээжээ. Анх нээгдэж байхдаа өнөөгийн шуугиан тариад байгаа занарын нефтийн адил дэлхийн зах зээлд өөрийн нөлөөг үзүүлсэн далайн ёроолын нефтийн ордыг ашиглах анхны том төсөл нь болж чадав. Нефть экспортлогч орнууд (OPEC) дэлхийг “нефтийн цочролд” оруулснаас гурван жилийн дараа 1976 онд уг ордоос нефть олборлож эхэлжээ. Тэр үед тэнгист нефтийн цамхагууд барьж байгуулах нь мөрөөдөл мэт сонсогдож байсан ч бодит амьдралд бий болж маш их ашиг авчирсан юм.
Ордын усан дэвсгэр дээр далайн ёроолоос 121 метрийн өндөртэй дөрвөн цамхаг босгон барьсны нэгийг одоо буулгахаар болж байна. 40 жилийн дотор уг ордоос өнөөгийн ханшаар 30 тэрбум фунт стерлингийн нефтийг “сорсон” байна. Энэ их мөнгөний гуравны хоёр нь татвар болоод Британийн сан хөмрөгт оржээ. Харин одоо нэг цамхгийг буулгахад арваад жил хэрэгтэй бөгөөд үүнд хэдэн тэрбум фунтыг зарцуулахаар төлөвлөжээ.
Хэрэв Брент байхгүй болвол энэ ордоос нийлүүлж байсан нефтийн төрөл яах вэ? Одоо Брент дэлхийн бирж дээр нийт нефтийн худалдааны гуравны хоёроос илүүтэй хувийг эзэлж байна. Хориодхон жилийн өмнөхөн, америк төрлүүд болон тэдний үндэс болсон “бенчмарк” WTI давамгайлж байлаа. “Бенчмарк” (англ. benchmark “баримжаа”, “жишиг” гэсэн утгыг илэрхийлдэг.
Харин өнөөдөр нефтийн хэрэглээний төв нь Америкаас Европ, Зүүн Азид шилжсэн учраас Брент л “даналзаж” байгаа. Brent зүтгүүрт гадаад орнуудын нефтийн төрлүүд ч бий. Тэдний тоонд хэд хэдэн араб төрөл, Оросын Urals хольц хамрагджээ. Үнийн хувьд, Хойд тэнгисийн сортынх одоо америк сортоос илүүтэй. 2000-аад оны төгсгөл хүртэл америкийн сортууд илүү үнэтэй байсан юм.
Яг үнэндээ бол орд хаагдлаа гээд Brent сорт үгүй болохгүй. Нефтийн энэ сорт нь ордын нэрийг авсан байгаа ч өөрөө олон янзын төрлийн хольц юм. Тодруулж хэлбэл, тэр нь дөрвөн төрлөөс бүрэлдэх бөгөөд бирж дээр арилжаалагдаж байгаа эцсийн бүтээгдэхүүнд Брентээс гадна Британийн Фортиз, Норвегийн Осберг ба Экофиск ордуудын нефтийн хувь ордог.
Хойд тэнгисийн бүх ордуудын нөөц нь бага багаар дундарсаар л байгаа нь хэнд ч ойлгомжтой. Олборлоход хамгийн амархан, хүртэмжтэй хэсгүүд энэ бүсэд ашиглагдаад дууссан бөгөөд шинэ төслүүд нь зарлага ихтэй ашиггүй болж байна. Олборлолт ч буурсаар л ирсэн. Гэтэл дээр нь нефтийн үнэ салам буудаг нь нэрмээс боллоо. Өнөөдөр нэг баррель нефтийг 60 ам.доллар орчмын төвшинд арилжиж байгаа нөхцөлд эх газрын үргэлжлэл болох далайн ёроолоос олборлолт хийх ямар ч төслүүд зардлаа нөхөхгүй. Эцсийн дүнд нь дэлхийн зах зээлийн баримжаа болохоор шинэ төрөл ч гарч магадгүй.
Худалдааны сортын бүтцийг тогтоож өгдөг Platts агентлаг энэ асуудлаар бодож байгаад эргэлзэхгүй. Байдлаас гарах арга нь ердөө л өөр сортын нефтийг хайх. Гэхдээ нийтэд тархсан нэр цуутай сортоор уг хольцийг баяжуулбал сайн болно. Өнгөрсөн сард тус агентлаг хольцийг Оросын Urals эсвэл баруун Африкийн нефтийн төрлөөр баяжуулах боломжийг судалж байгаа гэсэн юм.
Гэтэл тэдний сонголт нь цагаа олсонгүй. Африкийн Нигерийн нефть нь дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц доголдолтой нийлүүлэгдэж байгаа. Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Хориг нь эрчим хүчний салбарыг нь шүргэх төдий өнгөрч байгаа. Салбарын санхүүжилт, өндөр технологийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нь саадтай байгаа гэсэн үг. Гэхдээ Оросоос нефть худалдан авах нь чөлөөтэй хэвээрээ байна. Орос ба Барууны сөргөлдөөн хурцдах хандлагатай болсон учраас шинэ бүтээгдэхүүнд орос нефтийн нэмэрлэх нь эрсдэлтэй байж болох юм.
Platts агентлагт бодох хугацаа хангалттай бий. Худалдааны сортын өөрчлөлт 2017 онд хийгдэнэ гэсэн таамаглал үүсээд байна. Энэ асуудал 2018-2020 он хүртэл сунжирна гэсэн хүлээлт байлаа. Харин Хойд тэнгисийн бүсийн нефтийн нөөц шавхагдаж байгаа учраас тийм удаан хүлээлтгүйгээр асуудлыг нэг тийш янзлах хэрэгтэй боллоо. Хэрэв орос нефть олон улсын жишгийн бүтцэд багтбал тэдэнд ашигтай. Ижил мөрний орчмын сав газраас олборлож байгаа Urals заавал тэнд холилдох ёсгүй л дээ. Энэ сорт нь хүхэрлэг ихтэй бөгөөд дамжуулах хоолой дотор цэвэр, хөнгөн Сибирийн сортуудтай сайн холилддог чанартай. Одоо Siberian Light сортын нефтийг Ижил орчмын нутгийг тойруулан нийлүүлэх боломж байхгүй. Хөнгөн ба хүнд нефть тус бүрт нь хоолой барих нь хэтэрхий үрэлгэн хэрэг болно.
Оросын зах зээлд санхүүгийн нэмэлт урсгал орох ашиг тэндээс бас харагдаж байна. Мөн дээр нь Оросын нефтийн эрэлт ихсэх юм. Эцэст нь гадаадын боловсруулагчид, трейдерууд Оросын нефтьтэй зохицон ажиллах болно. Үнийн хувьд ч нэмэгдэх ашигтай. Одоо шинж чанар нь төстэй ч Urals сортоос Brent 2-3 ам.доллараар илүү үнэтэй байна.
Зарим орнууд үндэсний “бенчмаркаа” даяарчлалын болгохоор оролддог нь төдийлөн амжилт олохгүй байгаа юм. Жишээлбэл, Dubai Crude маркийн нефть олон жилийн турш Арабын Нэгдсэн Эмиратын бирж дээр зарагдаж байгаа ч Персийн булангийн хүрээнээс хальж чадаагүй л байна. Ер нь бол эрэлт сайтай нефть. Өөрөө оролдсоноос олон улсын нэртэй консерциумд орох нь ирээдүйтэй болов уу. Яаж ч ярьсан дэлхийн санхүүгийн зах зээл дээр АНУ, Их Британи хоёр давамгайлсаар л байна. Түүхий эдийн худалдаанд ч мөн адил. Тийм учраас Хойд тэнгисийн Brent ордын дундарсан боломжийг хэн ашиглах бол?
Оросын нефтийн төрлүүд
1. Urals нь “Транснефтийн” хоолойгоор экспортод нийлүүлэгддэг Оросын бүх орд газруудын нефтийн хольц юм. Түүний нягтрал нь нэг шоо метрт 860-871 килограмм бөгөөд хүхрийн агуулга нь 1,2-1,3 хувь.
2. Rebco (Russian Export Blend Crude Oil) марк нь Nymex (Нью-Йоркийн барааны бирж) дээр арилжаалагдахад ашиглагддаг. Urals сортын хольцийг Алс Дорнодын Приморскийн бүсэд гаргадаг гэсэн үг.
3. Siberian Light нь Оросын хөнгөн нефтийн төрөл юм. Ханты-Мансийскийн автономын тойргоос олборлодог түүхий эдийн хольц бөгөөд нефть дамжуулах хоолойд Urals маркийн гол нэмэлт нь болдог. Siberian Light сортын ялимгүй жаахан хэсэг нь цэврээрээ зарагддаг гэнэ. Гол нийлүүлэлт нь Туапсе боомтоор дамжина. Шоо метрт 845-850 килограммын нягтралтай (36,5 градус API), хүхрийн агуулга нь 0,57 хувь.
4. Sokol нефтийг “Сахалин-1” төслөөр олборлодог бөгөөд Де-Кастрийн боомтоор (Хабаровскийн хязгаар) экспортод гаргадаг. Хүхрийн агуулга нь 0,23 хувь.
5. Vityaz гэх Сахалины нефтийг “Сахалин-2” төслөөр олборлон Пригородное (Сахалин) боомтоор экспортлодог. Үнийг нь Dubai Crude сорттой уялдуулдаг.
6. ESPO марк нь Зүүн Сибирийн нефть бөгөөд Зүүн Сибирь-Номхон далайн (ВСТО, оросоор) хоолойгоор нийлүүлдэг бөгөөд эмиратын Dubai Crude сорттой уялдсан үнээр Азийн орнуудад зарагддаг. Мөн АНУ-ын баруун эрэгт нийлүүлэгдэн Аляскийн ANS сорттой өрсөлддөг ажээ.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин