Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг дэмжинэ

Монгол Улс эрчим хүчний сал­барт ямар бодлого баримталж бай­гаа, хаана бүтээн байгуулалтын ажил өрнөж буй, энэ салбарт хөрөнгө оруулах боломж хэр байгаа зэрэг асуултын хүрээнд өрнөсөн чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилж өнгөрсөн бямба гарагт өндөрлөв. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Монголын эр­чим хүч-2011” уулзалтад гадаад, до­тоодын 90 гаруй байгууллагын тө­лөөлөл оролцсон юм. Тэд энэ  үеэр “Монгол Улсад эрчим хүчний салбарын хөгжлийн шинэ үе эхэлж байна” хэмээн онцолж байлаа.   Ингэж хэлэх болсон нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Оюутолгой, Та­вантолгойн ордуудыг ашиглаж эхэлсэн зэрэг хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалж эрчим хүчний хэрэглээ ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн гэдэг нь энэ салбарт зах зээл бий болж байна гэсэн үг. Энэ хэрээр бусад салбарынхны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол ч нэмэгдэж байгаа ажээ. Одоогийн байдлаар “Дулааны цахилгаан станц-5”-ыг барих асуудал анхаарлын төвд орсон. Үүний хажуугаар Ухаа худагийн дулааны цахилгаан станц барих, “Дулааны цахилгаан станц-4”, “Дархан, Даланзадгадын ДЦС-ыг өргөтгөх ажлыг хийж байгаа. Мөн “Салхит” 50 мега­ваттын сал­хин парк, Хөшөөт, Могойн голын дулааны ца­хил­гаан станцыг ба­рих бэлтгэл аж­лыг хийж байгаа гэдгийг ч энэ үеэр танилцууллаа.

Чуулганы үеэр хөндсөн нэг гол сэдэв нь “Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед нүүрснээс эрчим хүч гаргасаар байх уу, өөр эх үүсвэр хайх уу” гэсэн асуулт байв. Манай улс жилд дөрвөн тэрбум кило­ватт цахилгаан үйлдвэрлэдэг. Нийт эрчим хүч гаргах бүтцийн 70 ор­чим хувь нь нүүрсний техно­логт тулгуурлаж байгаа аж. Харин сэр­гээгдэх эрчим хүчний эх үүс­вэрээс 15-20 хувийг нь гаргаж авч байгаа юм байна. Уулзалтын үеэр судлаачид эрчим хүчний эх үүс­вэрийг сэргээгдэх эрчим хүчний нөө­цөд тулгуурлан гаргаж авах бүрэн боломж бий гэдгийг онцолсон юм. Судалгаа, шинжилгээ ч байгаа аж.  Ус, салхины эх үүсвэрээс гад­на ураны асар их нөөцтэй манай улсад атомын цахилгаан станцтай болох боломж ч бий.  Ямартай ч эрчим хүчний сал­барын бодлого боловсруулагчад  2030 он гэхэд дунд хэмжээний хүчин чадалтай атомын цахилгаан станцтай болно гэсэн төсөөлөл байгаа ажээ.

Уулзалтад оролцогчид эр­чим хүчний салбарт хувийн хэвш­лийнх­ний оролцоог дэмжих, салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шил­жүүлэх, үнэ тариф, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөг­жүүлэх ажлыг нэн тэргүүнд хэрэг­жүүлэх зэрэг саналыг хэлж байсан юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхний оролцоог дэмжинэ” гэдгийг хэллээ. Салхитын дулааны цахилгаан станцыг л гэхэд хувийн хэвшлийн компанийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг нь эхлүүлсэн. Энэ нь эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах боломж байгааг харуулж байгаа ажээ. 

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвээс дараах асуултад хариулт авлаа.

-Эрчим хүчний салбарын хөгж­лийн шинэ үе ирлээ хэмээж байна. Тэгвэл энэ үед юуг анхаарах ёстой юм бэ?

-Эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр барих, техник, технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн чадав­хийг нь дээшлүүлэх цаг болсон. Ялангуяа эрчим хүчний шинэ эх үүсвэр барих асуудлыг аль аль ша­тандаа яаралтай шийдвэрлэх хэ­рэг­тэй байна. Одоогийнх шиг улс төржсөн өнгө аястай, эрх ашиг хар­сан, нэг нь хийе гээд  нөгөө нь шүүмжилдэг энэ арга барилаас салах болсон. Уулзалтын үеэр энэ асуудалд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг  ч уриаллаа.

-Энэ салбарт үнэ, тарифын асуу­дал чухал сэдэв болдог. Үнийн талаар ямар бодлого баримталж байна?

-Засгийн газар цахилгаан, ду­лааны үнийг огцом өсгөхгүй байх бод­лого барьж байгаа. Энэ нь эр­гээд эрчим хүчний салбарынханд хүнд­рэл учруулдаг шүү дээ. Гэсэн ч энэ салбарын орлого сүүлийн жилд нэмэгдсэн. Одоо эрчим хүчний хэрэглээ өндөр аж ахуйн нэгж, өрхөд ноогдуулах тари­фыг зах зээлийг шаардлагын дагуу үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа шүү дээ. Ямар ч байсан 2014 он гэхэд эрчим хүчний салбарынхны алдагдалгүй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх түв­шинд хүрсэн байх болов уу.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж