Британийн аюулгүйн алба MI5 "Исламын улс” бүлэглэлийн алуурчин Жихади Жоны тухай 2009 оноос хойш мэдэж байсан гэж The Telegraph сонинд бичжээ.
Жихади Жон нь Лондон хотын оршин суугч Мухаммед Эмвази гэдэг бөгөөд тусгай албаныхан түүний нэрийг эртнээс мэдэж байсан ч мөрдөн байцаалтын сонирхлын улмаас олонд мэдэгдээгүй байжээ. Мөн сонин хэвлэлүүд Эмвазийн сургуулийн үеийн зургийг хэвлэсэн тухай мэдээлж байна.
The Telegraph сонинд бичсэнээр, Эмвази нь Баруун Лондонд нэртэй “Лондоны залуус” гэдэг шүтэн бишрэгчдийн сүлжээнд орж байжээ. Түүнийг Сирид зугтан гарахаас MI5 ба цагдаагийн ажилтнууд Эмвазитай наад зах нь 12 удаа уулзан ярилцсан байна. Мөн зургаан жилийн өмнө түүнийг Сомалийн террористуудтай нэгдэх гэж байхад тусгай албаныхан болиулахаар оролдсон гэнэ. Гэтэл тэрээр террористуудын жагсаалтад байсан ч Британиас зугтан гарч чаджээ. АНУ ба Британийн тусгай албаныхан Жихади Жоныг 2014 оны есдүгээр сард батлан тогтоож чадсан байна.
Британийн тусгай албаны талаар парламентын мөрдөн байцаалтыг явуулахаар болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР