Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн онд манай улсад айлчилсан. Гэтэл бараг айлчлал болгон дээр улиг болсон мэт хэлэгддэг "Завтай цагтаа манай улсад айлчлаарай" гэсэн үгийг Д.Медведев хэлээгүй. Н.Энхбаярын үед ах дүү шиг дотночлон байнга шахам урьдаг байсан "ах нар" ардчилсан Ерөнхийлөгчийг эхнээсээ үл тоосон байдлаар харилцаж байсныг ажиглагчид олон янзаар тайлбарладаг.
Энэ удаа ч гэсэн иймэрхүү байдал цөөнгүй харуулсан. Кремлийн албан ёсны сайт нь "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилна" гэсэн мэдээ тавьсан хэрнээ Н.Энхбаярын зургийг тавьсан байсан нь үүнийг нотолно. Кремлийн албан ёсны вэб сайтад Ц.Элбэгдоржийн зураг олдохгүй байна гэж юу байхав. Зүгээр л жижиг улсын төрийн тэргүүн гэдгийг нь ойлгуулж байхыг үгүйсгэмгүй.
Гэхдээ энэ бол шатахуунаар ойлгуулсны хажууд бага хэрэг л дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал ч үнэхээр хүнд хэцүү нөхцөлд болж өнгөрөх төлөвтэй. Юуны өмнө, Монгол Улс энэ жил ургац авах уу, ер нь дэгсдүүлж хэлэхэд цаашид оршин тогтнох уу гэсэн асуудал түүний нуруун дээр явж байна. Газар тариалан эрхлэгчид улсын нөөцөөс өгсөн жаахан түлшээр тариалалтаа хийж амждаг юмаа гэхэд хураалтын үеэр түлштэй болох уу, үгүй юу гэдэг нь энэ удаагийн айлчлалаар шийдэгдэх юм.
Тиймээс түүний энэ айлчлалыг Кремлийн тушаалаар хаагдсан бензиний крантыг нээхээр явж байна гэж хэлэхэд бүрэн тохирно. Ерөнхий сайд В.Путин нефть бүтээгдэхүүний экспортын хоригоо долдугаар cap хүртэл сунгах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан. Энэ шийдвэрийг өөрчилж чадах эсэх нь Ерөнхийлөгчөөс шалтгаална. Харин оросууд болохоор энэ айлчлалыг "коксын" гэж нэрлэж байна. Учир нь, ОХУ-ын төрийн өмчит "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэг Япон, Солонгосын компаниудтай консорциум болж Монголын Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөж байгаа юм.
Д.Медведев Тавантолгойн лоббийг хийхээр Ц.Элбэгдоржийг Кремльд дуудсан гэсэн үгсийг хойд хөршийн хэвлэлүүдэд бичиж байна. Манай Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн яг Тавантолгой гэсэн үг унаагүй ч айлчлал хийх болсон талаараа мэдээлэл хийхдээ "Д.Медведевтэй үндсэн хоёр асуудлаар хэлэлцээр хийнэ. Нэгдүгээрт, хоёр улсын худалдааны талаар байх болно" гээд хоёр дахь асуудлын талаар жижүүрийн үг хэлэв.
Оросууд үнэхээр биднээс Тавантолгойг авах гэж улайрах шалтгаан бий. Нэгдүгээрт, Монголын гэсэн юм болгонд хошуу дүрж, асуудлыг өмнөөс нь шийдэх шахдаг байсан улс одоог хүртэл манай улсад томхон "бялуу"-тай болж амжаагүй. Оюутолгойг авахаар оросууд ирэхэд манайхан инээж байгаад л "Үгүй" гэчихсэн. Хойд хөршийн хэвлэлүүд тухайн үед энэ талаар ам уралдан мэдээлж, "Монголчууд бидэнд Оюутолгойг өгсөнгүй" хэмээн бараг л гайхсан байртай бичиж байсан. Дараа нь Асгатыг хамтарч ашиглах гээд "Полиметалл"-ынхан ирэхэд бас л "үгүй" гэсэн.
Дорнодын ураныг ашиглах тохироонд хүрэх гэж оролдсон ч манайхан "Хан Ресурс"-тай шүүхдэлцээд бас л чадаагүй байгаа. Энэ завсар манай эрх баригчид "Гуравдагч хөршийн бодлого"-оо үргэлжлүүлэн ОХУ-ыг давж харилцсаар байв. Ёстой нөгөө намайг хараад байна гэсэн чинь давж хараад байсан новш байна шүү дээ гэдэг хошин шогорхуу юм уу даа.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Украинд айлчилж, Монголын уул уурхайг "Краз" машинаар хангах гэрээ хийх санал гаргасны дараа ч чимээгүй л байлаа. МАН-ын дарга нар БНХАУ-д айлчлан Коммунист намын дарга нартай уулзахад улсынх нь эрх ашгийн эсрэг хүчтэй лобби хийгдсэнийг ч мэдэж байлаа. Үүний дараа л тэд гэнэт сэрж, хатуухан арга хэрэглэхээр шийдсэн бололтой. Тэр нь бензиний крантаа хаах явдал байжээ.
Монгол-Орос улсын харилцаа эртнээс дулаан уур амьсгалтай явсаар ирсэн. Үүнийг батлах зохиол, дуу шүлэг ч олон байдаг. Тийм ч учраас хойд хөршийн Засгийн газрын тэргүүн В.Путин нефть бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасны дараа, "Гадаад орнуудад нефть бүтээгдэхүүн экспортлохгүй" гэж тов тодорхой хэлснийг сонссон атлаа манай мунхаг түшмэд "Манайд хамаагүй" хэмээн ОХУ-ын автономит мужийн түшмэд шиг тэнэг аашилцгаасан билээ.
Их сургууль, эмнэлэг барьж өгөөд, их өрийг ч тэглээд байхаар нь бидэнд байнга л ингэж хандах юм шиг, уучилж байх юм шиг бодож явжээ. Тийм биш гэдгийг энэ удаагийн бензин шатахууны бойкотоос ойлгож авцгаалаа.Үнэндээ ОХУ Монголд бензин нийлүүлэхгүй болсныг дуулаад баярласан хүний нэг нь бичигч би.
Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох талаар одоо л нухацтай бодож эхэлж байна. Бүхэл бүтэн 10-20 жилээр хожимдсон гэмшил учир төлөөс нь үнэтэй тусахаас өөр яах билээ. Эрдэнэтэд хяналт тогтоох эрхийг олгох хоёр хувийн хувьцаа, Монголын төмөр зам дахь эзэмшлээ нэмэгдүүлэх, Асгатын асуудал гээд алдах юм бидэнд их бий. Хоёр орны төрийн тэргүүн маргааш дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр хийнэ. Худалдааны асуудлаас гадна нуугаад байсан ч бүгдэд ил байгаа дээр өгүүлсэн асуудлыг ч ярих нь тодорхой.
Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.