Казиногийн гэгдэх алдарт хэргийг анх мөрдөн шалгаж эхлэхэд улс орон даяараа Макаогийн казинотой холбоотой аймшигтай том хэрэг илэрлээ гэж шуугицгааж байсан. Урьд нь ийм зүйл үзээгүй парламент барьц алдаж, гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлэн, шүүхээр ял авахад нь чимээгүй үдсэнээс хойш арав гаран жил өнгөрчээ. Учир шалтгаан нь гэвэл хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шударга ажиллаж буй эсэхэд нь эргэлзэх эргэлзээ бага байсан хэрэг. Гэтэл тэрхүү хэрэг гээч нь үзэг бал төдийхнөөр шалтаглаж буруутгасан, Ардчилсан намын нэр хүндийг унагахад чиглэгдсэн томоохон акц байсан нь одоо тодорхой болж байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийнх нь сэтгэл санаа, бие махбодийн хохирол, сэвтсэн нэр төрд харамсаад ч баршгүй. Хожим нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ шийдвэр гаргахдаа туйлаас болгоомжтой ханддаг болсон нь нэг удаа “гэндсэн”-тэй нь холбоотой байх.
Хожим нь тухайн үеийн “их удирдагч”-ийн өөдөөс зоригтой үг хэлснийхээ төлөө У.Хүрэлсүх гишүүн шүүхээр орж, бүр ял шийтгүүлсэн. Нийгэм даяараа тэр нэг гайтай хөөтэй цагаан фургон машиныг У.Хүрэлсүх луйвардаагүй, тэгэх ч шаардлага байхгүй гэдгийг ойлгосоор байхад анхан шатны шүүхээр түүнд хорих ял оноосон юм. Магадгүй өнөөх их удирдагчтай зөвшилцсөн үү яасан дээд шатны шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосноор асуудал намжсан. Гэхдээ л угаасаа хэрэг хийгээгүй нь тодорхой байхад яллаж, буруутгаж, нэр төрийг нь унагаж болохгүй ёстой шүү дээ. Өөр нэг хэлмэгдэгч С.Эрдэнэ байна. Хэн бүхний нүдэн дээр Нийгмийн даатгалын байгууллагыг айл шиг айл болгож, төрд зүтгэж чадах түшээ гэдгээ харуулсан, намын анхан шатны байгууллагаас эхлээд дүүргийн даргын албан тушаалыг дуурсах нэртэй хашиж явсан, тэр ч байтугай УИХ-ын гишүүнээр сонгогдож, түүнийг нь сонгуулийн хорооноос баталгаажуулж үнэмлэх олгосон тэрээр нэг л өдөр хэн ч үнэмшимгүй шалтгаанаар “Ганц худаг”-ийн хаалга татсан. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийн эргэлттэй байгууллагыг удирдаж явсан хүн хэдхэн сая төгрөгийг, тэгээд бүр арван жилийн хүүхэд ч ичихээр аргаар идчихлээ гэнэ дээ. Хуульчид бүгдээрээ л “арай дэндүү юм” гэж шигширцгоож байсан санагдана. Хожим нь үнэн олдож цагаадсан ч хоригдсон өдөр хоногууд, өнөөх л нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг хэн хариуцах билээ, тэгээд л өнгөрсөн. Энэ мэтээр тоочоод байвал мөн ч удаан үргэлжилнэ дээ. Олны танил, улс төртэй холбоотой хүмүүсийг л нэрлэхэд тэр шүү дээ. Гэтэл ялихгүй зодоонд холбогдсон, хэн нэгэн атаархагч этгээдэд гүтгүүлсэн, өмч хөрөнгийн холбогдолтой маргааны золиос болсон хичнээн хүн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, хоригдож, арга барил ядмаг, зан харьцаа доголдсон, чиг хандлага муйхар мөрдөн байцаагч, прокуроруудын талхин доор зовж байна гэж санана!
Хууль ч гэж хууль. Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь шуудхан хэлэхэд мөрдөн байцаагч, прокуроруудад зориулсан хууль. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, хэрэгт ач холбогдол бүхий ажиллагаа хийх ямар ч боломжгүй. Цагдан хорио батлах эсэхийг шийдэхээс өөр шүүхийн хөндлөнгийн хяналт процесс ажиллагааны явцад огт байхгүй. Нэг үгээр хэлэхэд төрийн зүгээс бүхий л ажиллагааг явуулна, хяналтыг мөн л өөрөө тавина. Хүний эрхийг төгс зөрчдөг ийм процессийн хууль материаллаг хуулиасаа ч илүү аюултай. До.Чулуунбаатар гэдэг сэтгүүлчийг цагдан хориод чамгүй хугацаа өнгөрлөө. Өмгөөлөгчид болон гэр бүлийнхний нь хэлж буйгаар байцаалт авахдаа “цаад эзнээ хэл” гэдэг гэнэ. Тулгах, хөтөлж байцаах зэрэг нь хуулиараа хориотой байхад шүү дээ. Энэ нь эрүүдэн шүүхийн нэг төрөл юм. Эрүүдэн шүүх гэхээр “Ард аюуш” кинонд гардаг шиг хурууны завсраар хулс шаах, банздах, зодож жанчихийг хэлэхгүй. Орчуулга нь ингэж бууснаас бус олон улсын нэр томьёо нь хавьгүй өргөн агуулгатай. Доромжлох, дорд үзэх зэргээр харьцааны зүй бус бүх төрлүүд багтдаг юм. Ухаан нь шоронгийн хянагч хоригдогч этгээдийг “хөөе хулгайч аа” гээд дуудчихаар л эрүүдэн шүүх болчихно гэсэн үг.
До.Чулуунбаатараар хэлүүлэх гээд байгаа цаад эзэн нь хэвлэлийнхний таамаглаж буйгаар Н.Энхбаяр гуай бололтой. Цагтаа үндэсний удирдагчаар өргөмжлөгдөж, таалагдаагүй этгээдүүдээ шоронд илгээх эрх мэдэлтэй явсан энэ эрхэм одоо ингэж ч ад үзэгдэх гэж хэмээн хөөрхийлөх хүн олон байгаа ч асуудлын гол нь түүнийг буруутгах эсэхэд биш, өнөөдөр түүнийг буруутгах зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа бол маргааш, түүний маргааш хэний ч эсрэг ийм ажиллагаа явагдаж магадгүй гэдэгт л байгаа юм. Тодорхой баримт, нотолгоо байвал процесс ажиллагаа хэнээс ч үл хамааран явагдах ёстой. Харин тийм баримт нотлогоог бий болгохын тулд хүний эрх зөрчин байж ажиллагаа явагдаж байгаа бол түүнийг нэн даруй таслан зогсоох учиртай. Өнөөдөр До.Чулуунбаатар, маргааш өөр хэн ч, магадгүй та ч байж болзошгүй учраас л тэр. Эрх мэдэл, албан тушаал, өнөөгийн Ерөнхийлөгчийн маань хэлснээр давхар дээл гэдэг цаг зуурын юм гэдгийг олон жишээ харууллаа, тэгэхээр давхар дээлтэй байхдаа дан дээлтнүүдийг дарамтлаад, түүндээ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ашиглаад байж болохгүй. Ядаж л хүн чанарынхаа хувьд муухай шүү дээ.
“Нэг нөхрөөс хэдэн төгрөг авах гэсэн юм өгдөггүй ээ, шүүхээр явах гэхээр цаг алдах гээд байх юм, залилан гээд өргөдөл гаргая, эрүү үүсгээд өгөөч”, “наад компани чинь гадаад эзэнтэй юм байна лээ, эрүү үүсгээд захиралд нь хилийн хаалт тавьчих, тэгээд яахыг нь харая” гэх ярианууд хэвийн үзэгдэл болтлоо хавтгайрсан. Нэг хэсэг нь ард түмний нэр барьж дээрэм хийнэ, нөгөө хэсэг нь хуулийн нэр барьж шантаажилна. Эцсийн дүндээ гадаадын ч тэр, дотоодын ч тэр бизнес эрхлэгчид хэн нэгний нөмөр нөөлгөнд л байхгүй бол бизнес явахгүй нь гэсэн ойлголттой болно, тэгээд л хээл хахууль, танил талын харьцаа цэцэглэж өгнө дөө.Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гэдэг нь ердийн нэг сонсоод өнгөрөх мэдээ төдий зүйл биш, үе шат болгонд нь хүний эрхийн амин чухал асуудал хөндөгдөж байдаг, хууль зүйн маш нарийвчилсан зохицуулалт бүхий харилцаа болохынхоо хувьд хөндлөнгийн ямарваа нэг нөлөөллөөс ангид байх ёстой гэсэн үндсэн зарчмыг хэн бүхэн ойлгох нь чухал болжээ.
Таалагдахгүй байгаа болохоор Эрүү үүсгэж шалгана, урьд нь надад үүсгэж байсан болохоор одоо өөрт нь үүсгэнэ, сонгууль дөхөж байгаа учраас үүсгэнэ, ашиг олох болохоор үүсгэнэ, юмыг яаж мэдэхэв гээд үүсгэнэ гэж хандаж хэрхэвч болохгүй. Яг ийм л хандлага олон Монгол эхийн нулимсыг үзэж, олон Монгол эрчүүдийн зоригийг мохоосон. Урвасан, гадаадын тагнуул болсон гэж хилсээр буудуулсан, хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэж тулгаж байгаад шоронд үхүүлсэн олон Монгол амь тэнгэрт буй. Чухам эндээс л “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн хэлц үг үүссэн.Төрийн албан тушаалтан ч бай, жирийн иргэн ч бай хэн боловч шалгагдах үедээ шалгуулах ёстой. Гагцхүү энэхүү ажиллагаа нь хууль ёсны дагуу, үндэслэл бүхий нотлох баримтын үндсэн дээр явагдах, үүнийг нь одоогоос хэд дахин нарийвчлан хуульчилж өгөх шаардлага байна. Эс тэгвээс хэргийг нь хүлээлгэх гээд хориод байдаг эрт балрын, манайхаас гадна хэдхэн улсад байдаг муухай хандлага цаашид ч хэвээр байх нь. Хүн болгон “Завханы” Эрдэнэ-Очир шиг хэрэг нь хэрэгсэхгүй болтол 7 жил шахам хоригдчихоод амьд гарч ирж чадахгүй шүү дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин