Галт зэвсгийн хяналт чангатай Өмнөд Солонгос улсад энэ долоо хоногт хоёр дахь удаагаа буутай этгээд хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд / II.27/ зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн байна. Хохирогчид нь 80 гарсан настай хүмүүс байсан бол зэвсэгт этгээд нөхрийнх нь дүү байжээ. Халдлагын үеэр бэр нь цонхоор зугтаж, цагдаа дуудсан байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн мягмар гаригт /II.24/ Сежон хотод зэвсэглэсэн эрэгтэй дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан юм. Халдлага үйлдсэн эрэгтэй нь хохирогчдын нэгийнх нь охин дүүгийн экс найз залуу байсан аж.
Энэ хоёр хэрэгт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэхээсээ хоёр цагийн өмнө цагдаагийн газарт хадгалуулсан байсан буугаа очиж авсан байжээ.
Өмнөд Солонгосын ихэнх эрэгтэйчүүд цэргийн албанд галт зэвсэг ашиглаж сурдаг боловч хувьдаа буу эзэмшихийг зөвшөөрдөггүй байна. Үүгээр ч зогсохгүй анчдын бууг цагдаагийн газар хадгалдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС